ҮБХИС-ийн 89 дэх удаагийн төгсөлтийн баяр боллоо
Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 89 дэх удаагийн төгсөлтийн ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.
Мэдээллийн алба

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 89 дэх удаагийн төгсөлтийн ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.
Цэргийн урлагийн олон мянган жилийн түүх, дайчин уламжлалтай Монголын зэвсэгт хүчинд шинэ хүч нэмэгдэж өнөөдөр дипломоо гардан авцгаалаа. 89 дэх удаагийн төгсөлтийн баяр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлснээр эхэлж сургуулийн удирдлагууд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлын “Цэргийн мэргэжил эзэмшүүлэх тухай” тушаалыг уншиж сонсгосон юм.
Тушаалыг уншиж сонсгосны дараа нийт төгсөгчдөд цэргийн цол, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг олгох ёслолын ажиллагаа эхэлж, Батлан хамгаалахын сайд болон Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагууд төгсөгчдөд мэргэжлийн диплом гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өглөө. Төгсөлтийн арга хэмжээний үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд монгол цэрэг эх орныхоо бүтээн байгуулалтад өргөнөөр оролцож эхэлж буй энэ цаг үед та бүхэн энэ их үйл хэрэгт гар бие оролцоно гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлж байлаа.
Эрх чөлөө, тусгаар тогтнолын билэгдэл болсон их жанжин Сүхбаатарын нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн төгсөгчид жил бүр цэргийн цол, цэргийн боловсролын зэргийн диплом, энгэрийн тэмдгээ гардан авч эх орноо батлан хамгаалах мэргэжлийг сонгон төрийн албанд хүчин зүтгэхээ илэрхийлдэг дайчин сайхан уламжлалтай. Тус сургуулийг төгсөгчдийн дундаас бусдыгаа хошуучлан үлгэрлэн суралцсан олон төгсөгчид байгаа бөгөөд тэдгээрээс 18 сонсогч онцгойлох дипломтой төгсөж байгаа юм.
Монгол цэрэг эх орноо батлан хамгаалах төдийгүй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцож ур чадвар, эр зориг, тууштай цэгц чанар, дайчин манлайллаараа олон улсад үнэлэгддэг болсон өнөө цаг үед Монгол Улсын зэвсэгт хүчний эгнээнд элсэн орж байгаа тус сургуулийн төгсөгчид зөвхөн батлан хамгаалах зэвсэгт хүчний салбарт төдийгүй улс орны нийгэм эдийн засгийн аль ч салбарт үүрэг гүйцэтгэх чадвартай боловсон хүчин болж гардгаараа онцлог юм гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.


















