Удирдах ажилтнууд “Ёс зүйн мэдэгдэл”-д гарын үсэг зурлаа
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнууд “Ёс зүйн мэдэгдэл”-д гарын үсэг зурлаа.
Мэдээллийн алба

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнууд “Ёс зүйн мэдэгдэл”-д гарын үсэг зурлаа. Харин нийслэлийн Засаг даргын “2015 оны архив албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явуулах тухай” А/509 дүгээр захирамжийн талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун товч танилцууллаа.
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр зарим ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх үүргийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл холбогдох албан тушаалтнуудад өглөө. Тухайлбал, архив албан хэрэг хөтлөлт дээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Мөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө. 2015 оны эхний хагас жилийн ажлын тайлангаа өгөх, өгөөгүй байгууллагуудыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал дээр танилцуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд даалгалаа.
Нийслэлийн Онцгой байдлын газарт борооны улирал эхэлж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгов. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд үндэсний их баяр наадмын бэлтгэлийг хангаж, тохижилтын ажлаа эрчимжүүлж ажиллахыг даалгав. Харин орчны тохижилтыг анхаарч ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд үүрэг болгов.
Баяр наадмын үеэр үйлчилгээний байгууллагуудад ариун цэвэр, ахуйн шаардлагыг хангаж ажиллуулахыг даалгав. Мөн энэ үеэр ажиллах нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтийг нарийвчлан эцэслэн гаргаж, дараагийн нийслэлийн удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөлгөөн дээр танилцуулахыг нийслэлийн Нийтийн тээврийн газарт үүрэг болголоо. Мөн Төрийн хүндэтгэлийн концерт, Дээлтэй монгол, Учиртай гурван толгой дуурь, Улаанбаатрын үдэш рок, поп дуучдын тоглолт, Монгол бүжиг, Морин хуур, Найрал хөгжмийн шилдгүүдийн тоглолт гэх мэт баяр наадмын үеэр 5 өдрийн турш Чингисийн талбай дээр болох ёслол хүндэтгэлийн арга хэмжээний хөтөлбөр болон наадмын үйл ажиллагааг нарийвчлан эцсийн байдлаар дараагийн нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн дээр танилцуулахыг үүрэг болголоо.


















