Үерийн аюулаас дөрвөн хүний амь насыг аварлаа
Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн “Дунд-Улиастайн ам” гэдэг газарт малчин А-гийн гэр, мал, малын хашаатай хамт үерт урсаж, “Verna” маркийн авто машин усанд урсаж хайрганд дарагдсан.
Мэдээллийн алба

Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн “Дунд-Улиастайн ам” гэдэг газарт малчин А-гийн гэр, мал, малын хашаатай хамт үерт урсаж, “Verna” маркийн авто машин усанд урсаж хайрганд дарагдсан. Мөн тус багийн “Мараатын ам” гэдэг газарт малчин Б, Э, Т гэдэг 3 айл усанд автсан байна гэсэн дуудлага зургаадугаар сарын 29-ний 21:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу аврагчид үерийн голомтод очиход малчин А-гийн гэргий, гурван хүүхдийг нь иргэн Ш.Сайнбаяр үерийн уснаас гаргаж, амь насыг нь авран хамгаалсан байжээ.

Мөн малчин А-гийн дөрвөн ханатай гэр эд хогшлын хамт үерийн усанд автаж бүрэн устсан, бог мал хорогдсон, малчин Б-гийн “Verna” маркийн суудлын авто машин усанд урсаж хайрганд дарагдсан байсанд шуурхай бүлэг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж малчин А-гийн гэр бүлийн гишүүдийн бичиг баримт, үнэт эд зүйлсийг, малчин Б-гийн "Verna” маркийн суудлын авто машиныг хайрганаас ухаж гарган хүлээлгэн өгсөн байна.
Иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн иргэн Ш.Сайнбаярт Онцгой байдлын албаны нэрийн өмнөөс талархал дэвшүүлье.
Эх сурвалж: ОБЕГ


















