Өгөөш бэлтгэх зорилгоор шувуу зөвшөөрөлгүй барьжээ
Арабын Нэгдсэн Эмират улсын хэсэг иргэн шонхор шувуу барих, өгөөш бэлтгэх зорилгоор 21 ногтруу, 68 ширхэг тагтаа шувууг зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явжээ.
Мэдээллийн алба

Арабын Нэгдсэн Эмират улсын хэсэг иргэн шонхор шувуу барих, өгөөш бэлтгэх зорилгоор 21 ногтруу, 68 ширхэг тагтаа шувууг зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явжээ.
Саатуулагдсан иргэдийн тухайд Дундговийн Дэрэн сумаас шувуудыг барьсан гэж байгаа бөгөөд одоогоор үнэн эсэхийг тогтоогоогүй байгаа юм байна. Хууль бусаар барьсан 89 ногтруу, тагтааны тухайд тус шувуудыг барих зөвшөөрлийг орон нутгаас олгох бөгөөд тухайн иргэд өгөөш болох шувууд барих ямар ч зөвшөөрлийг аваагүй байжээ.
Манай улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжоор өгөөш барих зөвшөөрлийг олгохдоо нэг ногтруу, тагтаа зэргийг тус бүр 4000 төгрөгөөр үнэлж, өгдөг бөгөөд хэрэв иргэн зөвшөөрөл аваагүй бол тус мөнгөн дүнг хууль бусаар барьсан шувуудын тоотой харьцуулан, гарсан мөнгөн дүнг хоёр дахин нэмэгдлүүлсэн хэмжээний торгууль ногдуулдаг байна.
Хуулийн дагуу Шонхор шувууг гуравдугаар сарын 15-наас аравдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд барихыг хориглодог бөгөөд зөвхөн Монгол Улсын ерөнхийлөгчийн онцгой захирамжаар барихыг зөвшөөрдөг ажээ.
Арабын Нэгдсэн Эмират улсын иргэдийн тухайд 10 шонхор барих албан ёсны эрхтэй ч өгөөш барих ямар ч зөвшөөрөлгүй, мөн барих хугацаа эхлээгүй байхад барьж тээвэрлэсэн хэмээн үзэж, 10 шонхор болоод өгөөш болгож барьсан 89 шувууг байгальд нь тавьсан байна.
Түүнчлэн гадаадын иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу торгууль ногдуулжээ.


















