УИХ-ын дарга Говь-Алтай, Завхан аймагт ажиллалаа
Зургаадугаар сарын 22-ны даваа гарагт УИХ-ын дарга Говь-Алтай аймагт очиж аймгийн удирдлагуудтай уулзаж, цаг үеийн мэдээлэлтэй танилцсаны дараа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд явагдаж буй сургалтын нээлтэд оролцсон юм.
Мэдээллийн алба

УИХ-ын дарга З.Энхболдын энэ сарын 22-23-ны өдрүүдэд Говь-Алтай, Завхан аймагт ажилласан томилолт өндөрлөлөө. Зургаадугаар сарын 22-ны даваа гарагт УИХ-ын дарга Говь-Алтай аймагт очиж аймгийн удирдлагуудтай уулзаж, цаг үеийн мэдээлэлтэй танилцсаны дараа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд явагдаж буй сургалтын нээлтэд оролцсон юм.
Үүний дараа УИХ-ын дарга Говь-Алтай аймгийн ардын дуу бүжгийн "Алтай" чуулгын шинэ байрны нээлтийн ёслолд оролцож үг хэлсэн. Тэрбээр 5.5 тэрбум төгрөгийн өртөгтэй, 500 хүний суудалтай шинэ байр нээлтээ хийснээр Алтай чуулгын хамт олон цаашид эрч хүч, урам зоригтойгоор уран бүтээлээ туурвиж, баруун хязгаарын ард түмэнд үйлчлэх боломж бүрдэж байна хэмээсэн юм.
Энэ өдөр УИХ-ын дарга олон улсын сургалтын системийг нэвтрүүлж буй Алтай сумын I сургуульд ажиллан, химийн лаборатори болон ухаалаг самбар ашиглан сургалт явуулж буй анги танхимуудтай танилцав. УИХ-ын дарга З.Энхболд Алтай сумын 1000 айлын орон сууцны бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Энэ бүтээн байгуулалтаар аймгийн иргэдийг орон сууцжуулах ажилд ахиц дэвшил гаргахын зэрэгцээ алтайчуудыг ажлын байраар хангах тал дээр анхаарах шаардлагатайг УИХ-ын дарга сануулж байлаа.
Мөн энэ өдөр УИХ-ын дарга Алтай сумын Жаргалант багт шинээр баригдсан 1.8 км авто замын нээлтэд оролцсон юм. УИХ-ын дарга Алтай суманд ажиллах үеэрээ аймгийн Аудитын газрын үйл ажиллагаатай танилцаж, эрс тэс уур амьсгалтай, өргөн уудам нутагт тархан суурьшсан бүс нутгийн 55000 хүнд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилласан. Үүний дараа анагаах ухааны салбарт 7000 гаруй эмч, сувилагч бэлтгээд буй Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн салбар сургуульд зочиллоо.
Алтай суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзалт хийж, УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганы талаар мэдээлэл өгч, батлагдсан хууль, тогтоолыг танилцуулав. Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр УИХ-ын дарга хэлэхдээ, Монгол Улс цаашид дан ганц түүхий эдээс шалтгаалдаг эдийн засагтай байж болохгүйг түүхий эдийн үнийн өөрчлөлт бидэнд харууллаа. “Алтайн хүдэр” ХХК-ийн борлуулдаг төмрийн хүдрийн үнэ хэдхэн жилийн өмнө тонныг нь 100 ам.доллараар зардаг байсан одоо 36 ам.доллар болсон. Гэтэл төмрөөр хийсэн бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөөгүй. Тиймээс цаашид төр засгаас түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгох бодлого баримталж байгаа гэсэн юм. Мөн тэрээр эдийн засгийн өршөөл болон татварын орчны талаар сонирхсон иргэдийн асуултад хариулт өгөв.
УИХ-ын дарга З.Энхболд томилолтынхоо хоёр дахь өдөр буюу зургаадугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд ажилласан. Мөн энэ өдөр УИХ-ын дарга Завхан аймгийн Улиастай суманд үргэлжлүүлэн ажилласан юм. Тэрбээр Улиастай суманд болж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд явагдаж буй ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтын нээлтэд оролцсон. Үүний дараа 86 м2 талбайтай, 50 сая төгрөгийн үнэтэй, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн ажилчдын орон сууцыг үзэж танилцаад, Улиастай суманд баригдаж буй усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа.
Ийнхүү УИХ-ын даргын Говь-Алтай, Завхан аймагт ажилласан хоёр өдрийн томилолт өндөрлөсөн юм. УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн Д.Дашдорж, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, аймгуудын удирдлагууд болон албаны бусад хүмүүс ажиллалаа.


















