УИХ-ын дарга ХБНГУ, БНПУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттын урилгаар ХБНГУ-д албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас мордлоо.
Мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттын урилгаар ХБНГУ-д албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас мордлоо. Тус айлчлал 2015 оны гуравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд ХБНГУ-д хийх айлчлалынхаа хүрээнд тус улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттай хэлэлцээ хийж, Бундестагийн Дэд ерөнхийлөгч Э.Булмаантай уулзана.
Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод ХБНГУ-ын Бундестагийн Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Холбооны ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Эдерер, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ё.Фухтел, Берлин муж улсын Парламентын дарга Р.Вийлэнд, Ханновер хотын Засаг дарга Ш.Шосток, Доод Саксон муж улсын Ерөнхий сайд Ш.Вайл нар бараалхана. Мөн “Saxenergy Mongolia” компани, “Siemens AG” компанийн удирдлага, Эссен хотын клиникийн Их сургуулийн проффесор, доктор В.Попп, “AbbVie” компанийн гепатит C вирусын эмчилгээний зохицуулагч М.Лихиус нар бараалхана.
Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд ХБНГУ-ын Бундестагийн чуулганы хуралдаантай танилцаж, Доод Саксон муж улсын парламентад зочилно. Түүнчлэн Ханновер хотноо болох “CeBIT” олон улсын мэдээлэл технологийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, Фолксвагены Ханновер дахь микроавтобус, хагас ачаа, тусгай хэрэгцээний машины үйлдвэртэй танилцана. Түүнчлэн Конрад-Аденаурийн Санд зочлон илтгэл тавьж, Хумболтийн Их Сургуулийн Монгол судлалын тэнхимийн оюутнууд болон ХБНГУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзалт хийнэ.
Тэрээр 2015 оны гуравдугаар сарын 18-ны өдөр БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевичийн урилгаар БНПУ-д албан ёсны айлчлал хийхээр тус улсыг зорино.


















