УИХ-ын дарга З.Энхболд АН-ын бүлгийн хуралдаанд мэдээлэл хийлээ
Өнөөдөр хуралдсан УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг сар шинийн өмнө батлах болон Үндэсний статисикийн хорооны дарга
Мэдээллийн алба

Өнөөдөр хуралдсан УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг сар шинийн өмнө батлах болон Үндэсний статисикийн хорооны дарга, СЕХ-ны гишүүд, АТГ-ын дэд даргыг томилох асуудлаар мэдээлэл хийжээ.
Энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Үндэсний статистикийн хорооны дарга, АТГ-ын дэд дарга, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох асуудал багтаж байгаа. Үндэсний статистикийн хороо нь УИХ-ын бүтцийн байгууллага учраас УИХ-ын дарга З.Энхболд С.Мэндсайханыг улираан томилох саналыг оруулсан юм. Тус саналаа өнөөдөр АН-ын бүлгийн хуралдаанд танилцуулж, дэмжлэг авсан байна.
Мөн АТГ-ын дэд даргад Ц.Нямдоржийг томилох саналыг Ерөнхийлөгч өргөн мэдүүлээд байгаа бөгөөд АТГ-ын дэд даргын томилгоог лхагва гарагт хуралдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах аж.
Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын бие даагч гишүүд болон гишүүн Г.Уянга, Л.Цог нар хамтарч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг гадаадаас хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын гэр бүлийн нэгэн компанид 17 тэрбум төгрөг өгөхөөр төсөвт тусгуулсныг эсэргүүцэж огцруулах асуудлыг өргөн барьсантай холбогдуулан АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа нэр бүхий гишүүдийн өргөн барьсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус намын бүлгээс дээрх тогтоолын төсөл нь үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй гэж үзээд С.Баярцогтыг огцруулах шаардлагагүй гэж үзээд, асуудлыг байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэхээр болжээ.
Энэ үеэр АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Гарын үсгийг Ажлын хэсгийн ахлагч Б.Болорын хүсэлтээр С.Баярцогт гарын үсэг зурсан болохоос гэрээг хийгээгүй. Нөгөө талаас 17 тэрбум төгрөг одоо шилжээгүй байгаа. Тиймээс түүнийг огцруулах үндэслэл болохгүй” гэх хариулт өглөө.


















