УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсад ажлын айлчлал хийхээр мордлоо
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид 2016 оны зургаадугаар сарын 01-03-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр мордлоо.
Мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид 2016 оны зургаадугаар сарын 01-03-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр мордлоо. Ажлын айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошиматай уулзана. Түүнчлэн Зөвлөхүүдийн Танхимын дарга M.Ямазаки, Ерөнхий сайд Шинзо Абе нартай уулзана.
Мөн тэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хоорондын “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолд оролцож, Монгол Улсын Уул уурхайн яам, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам хоорондын “Цэвэр нүүрсний технологийн солилцоог дэмжих хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг үзэглэнэ. Улсын Их Хурлын дарга ажлын айлчлалынхаа хүрээнд Япон Улсын Фукушима муж дахь нүүрснээс хий гаргаж, эрчим хүч, дулаан үйлдвэрлэх шинэ технологийг /IGCC/ нэвтрүүлсэн “Накасо” дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцана.
Мөн Чиба мужийн полипропилен буюу бүх төрлийн пластмассан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Прайм Полимер” компани болон Сайтама мужийн Шибасаки үйлдвэрт зочлон, тус үйлдвэрт дадлагажигчаар ажиллаж буй монгол иргэдтэй уулзах юм.
Улсын Их Хурлын дарга З.Энхболдын Япон Улсад хийх ажлын айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Уул уурхайн сайд Р.Жигжид, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, Б.Баярсайхан болон албаны бусад хүмүүс багтсан байна.


















