УИХ-ын даргад Польшийн Гадаад хэргийн сайд бараалхав
Уулзалтын төгсгөлд Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Гжегож Схетына, Монгол Улстай цаашид өндөр түвшинд хамтын ажиллагаагаа баяжуулан өргөн агуулгаар хөгжүүлэх боломж байна гэлээ.
Мэдээллийн алба

БНПУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд З.Энхболдод Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Гжегож Схетына бараалхлаа.
Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Гжегож Схетына уулзалтын эхэнд, манай хоёр орны харилцаа найрсаг харилцан итгэлцэл дээр тогтдог. Цаашдаа ч энэхүү харилцаагаа хөгжүүлэх боломж их байгаа гэдэгт итгэж байна. Хоёр орны эдийн засгийн болон соёлын харилцаанд илүү анхаарах хэрэгтэй байна. Шинэ түвшинд хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд таны айлчлал чухал ач холбогдолтой юм гэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, Монгол Улсад өрнөсөн ардчилсан хувьсгалын үйл явцыг анхнаас нь дэмжиж ирсэнд талархал илэрхийлье. Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой болж байна. Хоёр орны харилцаанд парламентын бүлэг хоорондын харилцаа чухал байр суурь эзэлдэг. Манай улсын гуравдахь хөрш Европын холбооны гишүүн Польш улстай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай гэсэн таны байр суурьтай санал нэг байна. Эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргахын тулд Засгийн газарт үүрэг өгч ажиллах болно. 2014 онд Улаанбаатарт зохион байгуулагдсан Эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хурлын үеэр тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгох, хэрэгжүүлэх нь чухал. Польш Улсын Засгийн газрын зүгээс хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа бизнес эрхлэгчид хоорондын шууд хэлхээ холбоог дэмжихэд анхаарч байгаад талархаж байна гэлээ.
Уулзалтын төгсгөлд Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Гжегож Схетына, Монгол Улстай цаашид өндөр түвшинд хамтын ажиллагаагаа баяжуулан өргөн агуулгаар хөгжүүлэх боломж байна гэлээ. Тэд улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна Ази болон Европын бүс нутгийн асуудлаар санал солилцлоо.
Эх сурвалж: Open.parliament.mn


















