УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 22 хууль, 10 тогтоолыг эцэслэн батлуулжээ
Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан ажлын дийлэнх нь улс орны нийгэм, эдийн засийн хөгжлийг тогтвортой хадгалах, макро эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх
Мэдээллийн алба

Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан ажлын дийлэнх нь улс орны нийгэм, эдийн засийн хөгжлийг тогтвортой хадгалах, макро эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг тодорхойлох, “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэгдсэн зарим шаардлагатай хууль, бусад шийдвэрийг хэлэлцэн батлуулах, зарим хууль, тогтоомжийн хэрэгжилтийн явц байдлын талаар холбогдох байгууллага, яамдын мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өгөх, тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг байгууллагуудын 2013 оны тайлан болон эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, холбогдох төсвийн захирагчдын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг хянан хэлэлцэх зэрэгт чиглэгджээ.
Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийтдээ 20 удаа, хуулийн төслийн болон хяналтын чиглэлээрх ажлын хэсгүүд 60 гаруй удаа тус тус хуралдсан байна.
Чуулганы хугацаанд тус Байнгын хороогоор хэлэлцэгдсэн 22 хууль, 10 тогтоолыг эцэслэн баталж, Олон улсын нэг гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцөж, Чөлөөт бүсийн тухай, Зөвшөөрлийн тухай хуулийн төслүүд, тэдгээрийг дагалдсан нийт 70 гаруй хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлжээ.
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Тус Байнгын хороонд хандаж Төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 120 албан бичиг, 2 өргөдөл гомдол ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэн, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлжээ.
Мөн хугацаанд Байнгын хорооноос 16 тогтоол гаргасны зэрэгцээ Засгийн газар, яам, газар, байгууллагад нийт 84 хуудас бүхий 20 албан бичиг, нэг тогтоол, 3 хуралдааны тэмдэглэл /протокол/ хүргүүлсэн байна.


















