УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Д.Ганбат, Ц.Дашдорж нарыг дэмжлээ
УИХ-ын дарга М.Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай болон Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан
Мэдээллийн алба

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 19 цаг 23 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэв. Эхлээд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар Дангаагийн Ганбатыг томилуулах саналаа танилцуулав.
Сайдад нэр дэвшигч Д.Ганбат нь Политехникийн дээд сургууль, Гадаад хэлний дээд сургууль, ШУТИС-ийг төгссөн, Тээврийн эдийн засаг, зохион байгуулалт, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй аж. Тэрбээр Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн Бээжин дэх төлөөлөгчийн газарт дарга, “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч захирал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт дэд дарга, “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид гүйцэтгэх захирал зэрэг алба хашиж байжээ.
Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Ундармаа, Ж.Энхбаяр, Д.Тэрбишдагва нар үг хэлж, өнгөрсөн дөрвөн жилд төр бизнес хийж байсан буруу жишгийг зогсоож, төр нь ажлаа хийж, аж ахуйн нэгж нь бизнесээ хийдэг зарчимд шилжүүлэхэд анхаарч ажиллаарай гэдгийг захилаа. Түүнчлэн авлигаас ангид байхыг сануулаад “Талын зам” төслийг хэрэгжүүлэх нь Зам, тээврийн хөгжлийн сайдын анхаарч хэрэгжүүлэх хамгийн том төсөл шүү гэдгийг сануулж байв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь Д.Ганбатыг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилохыг дэмжлээ.
Дараа нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Цэдэвийн Дашдоржийг томилуулах саналаа Ерөнхий сайд танилцуулав. Ц.Дашдорж нь Политехникийн дээд сургуулийн Уул уурхайн сургуулийг төгссөн, Өрөмдлөгийн инженер мэргэжилтэй бөгөөд төрийн албанд 19 жил, үүнээс улс төрийн албан тушаалд 16 жил ажилласан. Улсын Их Хурлын гишүүнээр гурван удаа сонгогдсоны зэрэгцээ Барилга, хот байгуулалтын дэд сайд, Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь Ц.Дашдоржийг Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилохыг дэмжсэн юм.


















