УИХ-ын гишүүд "Хилийн боомтын тухай" хуулийн хэрэгжилттэй танилцав
Энэ үеэр 2014 оны дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Хилийн боомтын тухай" хуулийн хэрэгжилтийн байдал болон тус байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан байна.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон УИХ-ын Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын албаны ажилтнууд өчигдөр Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний Ерөнхий газар, Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллажээ.
Энэ үеэр 2014 оны дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Хилийн боомтын тухай" хуулийн хэрэгжилтийн байдал болон тус байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан байна.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын дарга Б.Пүрэвдоржийн мэдээлснээр Монгол Улсад 2014 оны есдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 116 орны 44.716 гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүд холбогдох төрийн байгууллагуудын зөвшөөрлөөр хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулагч, суралцах, гэр бүлийн шалтгаанаар оршин сууж байна. Эдгээрийн дийлэх хувийг улирлын чанартай зам, гүүр, барилгын салбарт хөдөлмөр эрхлэхээр түр хугацаанд оршин суух зөвшөөрөл авсан иргэд эзэлж буй аж.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий газар нь үйл ажиллагаагаа явуулахдаа 86 дүрэм журам баримталдаг байсан ч энэ нь иргэдэд хүндрэлтэй, бүх асуудлыг төв рүү чиглүүлж шийдвэрлэдэг зэрэг нь чирэгдэл ихтэй байсан учраас 44 журмыг хүчингүй болгосон байна.
2014 оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын хилээр нийт 107 удаагийн хилийн дэглэмийн зөрчил гарснаас 77.5 хувь нь Монгол-Оросын хилд, 22.5 хувь нь Монгол-Хятадын хилд ногдож өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн зөрчил 12.2 хувиар, хил зөрчигчийн тоо 9.0 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа ажээ.


















