УИХ-ын гишүүн Д.Батцогт, Г.Батхүү нар Ховд аймагт ажиллаж байна
УИХ-ын гишүүн Д.Батцогт, Г.Батхүү, Зам тээврийн дэд сайд Х.Ержан нар Ховд аймагт зочилж нутгийн иргэдэд тулгамдаад байгаа нийгмийн олон асуудлуудыг хөндөж ярилцлаа.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Д.Батцогт, Г.Батхүү, Зам тээврийн дэд сайд Х.Ержан нар Ховд аймагт зочилж нутгийн иргэдэд тулгамдаад байгаа нийгмийн олон асуудлуудыг хөндөж ярилцлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батцогт Ховд аймгийн сумдад хатуу хучилттай зам тавих, зарим сумын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг шийдэх, цаашлаад жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллан, эмнэлгийн шинэ тоног төхөөрөмж нийлүүлэх, аймгийн цэцэрлэгүүдийн барилга шаардлага хангахгүй байгаа учир сайжруулах, Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцал гэдэг газар энэ онд багтаан усан цахилгаан станц барих зэрэг олон ажил өрнүүлэх тухайгаа тайлагнав.
Харин УИХ-ын гишүүн Г.Батхүү ярихдаа “Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө эвслийн Засгийн газар хамтран ажиллаж байна. Хууль эрхзүйн орчны өөрчлөлт дээр ихээхэн хэмнэлт гаргаж олон "жижиг" даргын орон тоог цөөлж нэг удирдлагын системд оруулсан байгаа. Мөн баригдаж дуусаагүй барилга байгууламжуудыг дуусгах ажил өрнүүлсэн. Цаашлаад бидэнд уул уурхайгаа ашиглан, сайн ажиллаж, сайхан амьдрах боломж дүүрэн байна” гэв.
Уулзалтын үеэр Зам тээврийн дэд сайд Х.Ержан зам тээврийн талаар иргэдийн сонирхсон асуултад хариулж, 2016 онд баруун бүс хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоно гэдгийг мэдээлж, өнгөрсөн онд Ховд аймгийн сумдад тавьсан замын ажлаа иргэдэд тайлагнасан юм.
Мөн Ардчилсан намын гишүүнээр элссэн 25 хүнд гишүүний батлах гардуулж, “Ховдын ирээдүй сан”-гийн тэтгэлэгт шалгарсан Жаргалант сумын Ерөнхий Боловсролын долоон сургуулийн 11 дүгээр ангийн 14 сурагчид тэтгэлэг гардууллаа.


















