УИХ-ын гишүүн М.Зоригт, Р.Бурмаа нар суулт зарлаж байна
УИХ-аас Засгийн газрын бүтцийг хоёр долоо хоногийн өмнө баталсан бол өнөөдөр Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон шинээр томилох сайд нарын асуудлыг хэлэлцэж байна.
Мэдээллийн алба

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний шинэчлэлийн талаар яриад багагүй хугацаа өнгөрч байна. УИХ-аас Засгийн газрын бүтцийг хоёр долоо хоногийн өмнө баталсан бол өнөөдөр Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон шинээр томилох сайд нарын асуудлыг хэлэлцэж байна. Харин энэхүү Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа гишүүн бол УИХ-ын гишүүн М.Зоригт юм.
Тэрээр өчигдрөөс эхлэн Төрийн ордон дахь өөрийн албан өрөөндөө суулт зарлаж буйгаа мэдэгдсэн бөгөөд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэх чуулганы хуралдаанд ч суухгүй гэдгээ хэлээд байгаа. Тэрээр Засгийн газарт шинэ бүтэц, шинэ Ерөнхий сайд хэрэгтэй хэмээн үзэж байгаа бөгөөд одоогийн Засгийн газрыг “сүлжээний” хэмээн тодотгож буйгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулсаар байгаа.
Засгийн газрын бүтцийн энэхүү өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа гишүүдийн тоо өнөөдөр нэгээр нэмэгдэж УИХ-ын гишүүн Р.Бурмаа мөн өөрийнхөө албан өрөөнд суулт зарлаж эхэлжээ.


















