Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын гишүүн Н.Энхболд БНХАУ, БНАСАУ-ын улаан загалмай нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхийлөгч Н.Энхболд өнөөдөр /2015.06.22/ БНХАУ болон БНАСАУ-ын улаан загалмай нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
УИХ-ын гишүүн Н.Энхболд БНХАУ, БНАСАУ-ын улаан загалмай нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзав
УИХ-ын гишүүн Н.Энхболд БНХАУ, БНАСАУ-ын улаан загалмай нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын гишүүн, Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхийлөгч Н.Энхболд өнөөдөр /2015.06.22/ БНХАУ болон БНАСАУ-ын улаан загалмай нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн Дэд ерөнхийлөгч хатагтай Сао Линна Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхийлөгч Н.Энхболдыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн Дэд ерөнхийлөгч хатагтай Жиан Иман тэргүүтэй төлөөлөгчид 2004 онд Монгол улсад албан ёсны айлчлал хийж, МУЗН-ийн анхан болон дунд шатны үйл ажиллагаатай танилцсан талаар болоод урт хугацааны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, хоёр орны Үндэсний нийгэмлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд шинэ алхмыг нээсэн талаар дурдав.

Мөн тэрээр, хоёр орны улаан загалмай нийгэмлэгийн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, улмаар УИХ-ын гишүүн, МУЗН-ийн ерөнхийлөгч Н.Энхболдыг ирэх 8,9 дүгээр сард Хятадад зохион байгуулагдах дээд болон дунд шатны семинарт оролцохыг урилаа.

УИХ-ын гишүүн, МУЗН-ийн ерөнхийлөгч Н.Энхболд ирэх намар зохиогдох энэхүү арга хэмжээг онцгойлж буйгаа илэрхийлээд, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр баталж, үндэсний нийгэмлэгийн эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн боловч хууль батлагдсанаас хойш 15 жил өнгөрч, нийгмийн хөгжилд нийцүүлэн хуулийг шинэчлэн сайжруулах хэрэгцээ шаардлага бий болсон талаар танилцуулж, удахгүй Засгийн газраар хэлэлцүүлж өргөн мэдүүлнэ гэдгийг дуулгасан юм.

Энэхүү уулзалтын дараа УИХ-ын гишүүн, МУЗН-ийн ерөнхийлөгч Н.Энхболд БНАСАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Пак Ён Хо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрээр, БНАСАУ-ын Улаан загалмай нийгэмлэг МУЗН-ийн хүүхэд залуучуудын хөдөлгөөний хөгжил, гадаад харилцаа хамтын ажиллагаанд нэн чухал үүрэгтэй оролцож ирснийг онцолж, 1993 оноос манай хоёр орны залуучуудын Улаан загалмайн гишүүд “Нийгмийн халамж, үйлчилгээ” уриан дор харилцан туршлага солилцох, хамтран ажиллах, мэдээлэл солилцох, үндэснийхээ зан заншлаас суралцах зэрэг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.

Мөн БНАСАУ-д болсон “Улаан загалмайн олон улсын энхтайвны зуслан цугларалт”, “Залуучуудын Улаан загалмай хөдөлгөөн” үүссэний 55 жилийн ой, “Нэг дэлхий нэг мөрөөдөл” зуслан цугларалтад монголын хүүхэд залуучууд амжилттай оролцсон бол манай оронд зохиогдсон “Нүүдэлчдийн замаар”, “Андаа санасан найзууд”, “Бид ирээдүйн удирдагчид”, “Тусч багш нар” нийгмийн халамжийн хөтөлбөр зэрэг үйл ажиллагаанд солонгосын залуучууд идэвхтэй оролцож, хамтран ажиллаж байгааг хэлсэн юм.

Талууд цаашид хоёр орны өсвөрийн болон Залуучуудын Улаан загалмайн гишүүдийн солилцооны хөтөлбөрмйг хамтран хэрэгжүүлэх, гамшиг ослоос иргэдийг урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон бусад албаны хүмүүс байлцлаа.

Хуваалцах