УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ
Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ.
Мэдээллийн алба

Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр гишүүдийн ирц 71.4 хувьтай байв.
Хаврын чуулганы ажиллагааг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэлэв.
Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Улсын Их Хуралд суудалгүй улс төрийн намуудын төлөөлөл, Монгол Улс дахь гадаад орнуудын дипломат төлөөлөгчдийн газруудын тэргүүн нар, албаны бусад хүмүүс оролцлоо. Хаврын чуулганд хууль санаачлагчид, Байнгын хороод, УИХ дахь намуудын бүлэг, эвслээс 252 хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр санал гаргасан ч дөнгөж 52 хууль тогтоомжийн төсөл өргөн баригдсан байна.
Өргөн баригдсан болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс улс орны хөгжил, эдийн засаг, нийгмийн амьдралын амин чухал шаардлагатай бодлогын асуудлыг хөндсөн хууль тогтоомжийг бодит хэрэгцээ, шаардлага, ач холбогдлоор зөв эрэмбэлж цаг алдалгүй хэлэлцэж батлах нь чухал гэж Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэллээ.
Үүнээс гадна эдийн засгийн өсөлтөө тогтворжуулах, эрчээ алдахгүй байх бодлого чухал байгаа, түүнчлэн их бүтээн байгуулалтыг идэвхижүүлэх, эдийн засгийн бодит секторыг дэмжих эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох хэрэгтэй байна гэдгийг онцлон дурдлаа.


















