УИХ-ын Тамгын газрын ажилтнууд цэрэг-стратегийн сургалтад хамрагдлаа
Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас төрийн байгууллагын ажилтнуудын дунд Цэрэг-стратегийн сургалтыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Мэдээллийн алба

Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас төрийн байгууллагын ажилтнуудын дунд Цэрэг-стратегийн сургалтыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Дайчилгааны тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, дэд сайдууд, аймгийн Засаг дарга нар хэмээн хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, орон нутгийн удирдлагуудыг тус бүрт нь цэрэг-стратегийн сургалтад хамруулж байсан юм.
Үүний үргэлжлэл болгож өнгөрсөн бямба гарагт УИХ-ын Тамгын газрын 50 гаруй ажилтанд Цэрэг-стратегийн сургалт явуулж батлан хамгаалах салбар дахь эрх зүйн шинэчлэл, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа тухай мэдээлэл өглөө. УИХ-ын байнгын хороодын ажлын алба, УИХ дахь намын бүлгийн ажлын алба гэсэн бүрэлдэхүүн оролцсон сургалт Зэвсэгт хүчний Энхийг дэмжих сургалтын нэгдсэн төвд болсон бөгөөд гурван үе шаттайгаар үргэлжилсэн юм.
Зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу Энхийг дэмжих сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцсаны дараа нь батлан хамгаалах, зэвсэгт хүчний бодлоготой холбоотой онолын сургалт болсон бол эцэст нь зэвсэглэл техниктэй танилцах практик дадлага гэсэн гурван үе шаттайгаар өрнөлөө.


















