УИХ-ын Тамгын газрын ЕНБД-аар Ц.Цолмонг томилохыг дэмжлээ
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, томилох тухай асуудал хэлэлцэж, энэ асуудлын талаар Улсын Их Хурлын дарга М.Энхболд танилцуулга хийсэн юм.
Мэдээллийн алба

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, томилох тухай асуудал хэлэлцэж, энэ асуудлын талаар Улсын Их Хурлын дарга М.Энхболд танилцуулга хийсэн юм. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Цэдэвийн Цолмонг томилуулахаар санал болгож буйгаа Улсын Их Хурлын дарга танилцуулав.
Ц.Цолмон нь 1973 онд төрсөн, эрх зүй мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1980-1988 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1988-1992 онд ОХУ-ын Омск хотод технологийн техникум, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйн мэргэжлээр төгсөж, 2001-2003 онд Их Британийн Эксетерийн их сургуульд хууль зүйн мастер, 2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуульд хууль зүйн мастер тус тус хамгаалжээ.
Тэрээр 1993-1994 онд Улсын Их Хурлын Тамгын газарт компьютер операторч, 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш, 2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хууль зүйн бодлогын газрын дарга, 2011-2016 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ санал хэлсний дараа санал хураалт явуулахад Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 94.1 хувь нь, Ц.Цолмонг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг хуралдаанд оролцсон 17 гишүүний 16 нь буюу 94.1 хувь нь дэмжсэн тул энэ талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов. Байнгын хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд даргалж байна.


















