Үйлдвэрлэлийн ослыг бууруулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо чухал нөлөөтэй гэв
Манай улс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдрийг тав дахь жилдээ тэмдэглэж байна.
Мэдээллийн алба

Манай улс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдрийг тав дахь жилдээ тэмдэглэж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд үйлдвэрлэлийн 1120 гаруй осол бүртгэгдэж, 400 орчим хүн бэртэж, гэмтжээ.
Үйлдвэрлэлийн ослыг бууруулахын тулд дан ганц улсын байцаагч ухуулга сурталчилгаа хийх нь тийм ч үр дүнтэй биш. Энэ ажилд төрийн бус байгууллагатай хамтран ажиллах нь сайн үр дүнд хүргэх хөшүүрэг болдог байна.
Тухайлбал, Монголын тэргэнцэртэй иргэдийг дэмжих Төмөр сангийн тэргүүн Б.Төмөрбаатар үйлдвэрлэлийн ослыг бууруулах ажлыг дэмжсээр ирсэн. Олон жилийн өмнө үйлдвэрлэлийн осолд өртсөн учраас бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалахын тулд ухуулга, сурталчилгааны ажил хийдэг байна. Тэрбээр үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх хамгийн чухал зүйл бол хамгаалалтын иж бүрэн хувцас, хэрэгсэл гэдгийг хэлж байлаа.
Түүнчлэн үйлдвэрлэлийн осолд өртөж хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдийн ухуулга сурталчилгаа илүү үр дүнтэй байдаг. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллага тэдэнтэй хамтран ажиллаж эхэлжээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь тухайн ажил олгогчийн үүрэг. Бизнесийн нэр хүнд, цаашдын өсч дэвжих боломжуудтай нь шууд хамааралтай. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахын тулд өөрсдөөс шалтгаалах бүх ажлыг хийх ёстой. Мөн мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллагатай ч гэсэн хамтран ажиллаж, тэднээс туршилга судлах боломж нээлттэй байгаа юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.


















