Украйны эрх баригчид Керчийн хоолой руу байлдааны хөлгүүдээ илгээхээр төлөвлөж байна
Украйн, ОХУ-ын хооронд дахин сөргөлдөөн гарч байдал хурцдаж мэдэхээр байгааг олон улс анхааруулж байна.
Мэдээллийн алба

Украйн, ОХУ-ын хооронд дахин сөргөлдөөн гарч байдал хурцдаж мэдэхээр байгааг олон улс анхааруулж байна. Энэ нь Украйны Аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Александр Турчиновын мэдэгдэлтэй холбоотой гэж хэлж болно.
Тодруулбал, тэрбээр Украйны эрх баригчид Керчийн хоолой руу байлдааны хөлөг онгоцуудаа явуулахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн юм. Гэхдээ энэ удаад Украйны хөлөг онгоцууд Керчийн хоолойгоор явж өнгөрөхөд Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага болон бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид дагалдан явахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн. Энэ нь Киев хууль дүрмийг дагаж мөрдөж байгааг батлан харуулах зорилготой гэжээ.
Үүний зэрэгцээ Украйны тал НАТО-д хандаж байлдааны хөлгүүдийг нь дагалдан явах хүсэлт гаргасан ч одоогоор энэ хүсэлтийнхээ хариуг Умард Атлантын эвслээс авч чадаагүй байгаа аж. Үүний өмнө ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украйны тал 12 дугаар сарын сүүлчээр Крымтэй залгаа хил дээр өдөөн хатгасан үйлдэл хийхээр бэлтгэж байна гэж мэдэгдэж байсныг нь тэмдэглэсэн байна.


















