Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 5-10 хувь нь ил задгай хаягдаж байна

Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилтийн нөлөөгөөр хог хаягдлын хэмжээ жилд дунджаар 500 мянган тонноор нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ төрөл, бүтцийн хувьд ч өөрчлөгдөх болсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 5-10 хувь нь ил задгай хаягдаж байна
Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 5-10 хувь нь ил задгай хаягдаж байна. Зураг: МҮОНРТ

Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилтийн нөлөөгөөр хог хаягдлын хэмжээ жилд дунджаар 500 мянган тонноор нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ төрөл, бүтцийн хувьд ч өөрчлөгдөх болсон.

Өсөн нэмэгдэж буй хог хаягдал, олон жилийн турш зайлуулагдаагүй аюултай хог хаягдлын улмаас хөрс, ус, агаар бохирдож, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хог хаягдлын тухай хууль нь нийгэм, эдийн засаг, технологийн хурдацтай хөгжил, байгаль орчинд тавигдах шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна гэж салбарын яамнаас үзжээ. Харин Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн найруулж, хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барилаа.

Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 5-10 хувь нь ил задгай хаягдаж байгаагийн зэрэгцээ хуучин авто тээврийн хэрэгсэл, сэлбэг, тос, тослох материал, дугуйг их хэмжээгээр импортолж байгаа болон цахим цахилгаан хэрэгслийн хаягдал нь аюултай хог хаягдын хэмжээг жилээс жилд нэмэгдүүлж байна. Цаашид хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагаанд технологийн шинэчлэл хийх, аюултай хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, дахин ашиглах, сэргээн ашиглах үйлдвэрлэлийг дэмжих, урамшуулах замаар хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгалийн нөөц, баялгийг хэмнэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгаа юм.

Тиймээс дээрх үндэслэл, шаардлагын дагуу 2012 онд батлагдсан Хог хаягдлын тухай хуульд тусгагдаагүй, нарийвчлан зохицуулах шаардлагатай зарчмын зарим өөрчлөлтийг оруулан хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан болохоо УИХ-ын даргад танилцууллаа.

Хог хаягдлын цогц менежментийг бий болгон боломжит арга, технолги, байгальд ээлтэй практик нэвтрүүлэх, хог хаягдлын боловсролыг иргэдэд олгох замаар зөв дадал, ухамсрыг төлөвшүүлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгалийн нөөц баялгийг хэмнэх, дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжин булшлах хог хаягдлын хэмжээг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Эх сурвалж: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам

Хуваалцах