Улаанхус, Дэлүүн, Булган, Алтай суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна
2019 оны эцсээр Баян-Өлгийн аймгийн Улаанхус сум нийт 220760, Булган сум 130216 толгой мал тус тус тоологдсон.
Мэдээллийн алба

2019 оны эцсээр Баян-Өлгийн аймгийн Улаанхус сум нийт 220760, Булган сум 130216 толгой мал тус тус тоологдсон. Улаанхус сумын нийт тоологдсон малын 41 хувь буюу 86674 хээлтэгч мал, 1% буюу 2231 хээлтүүлэгч мал эзэлж байна. Булган суманд ингэ 198, үнээ 5472, хонь 12818, ямаа 36395, адуу 2362 нийт 57245 хээлтэгч байна. Харин Дэлүүн сум өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 1653 өрх, 7744 хүн ам, 228875 толгой мал тоолуулсан.
Баян-Өлгий аймгийн Булган сум Ховд аймгийн Мөнххайрхан суманд 239 өрхийн 29600 толгой мал, Дуут суманд 115 өрхийн 9619 толгой мал, Хөх сэрх Дунд голын тусгай хамгаалалтын газарт 277 өрхийн 22700 толгой мал, Дэлүүн суманд 36 өрхийн 3900 толгой мал, бүгд 667 өрхийн 65819 толгой мал оторлон өвөлжиж байна. Өөрийн нутагт 64397 толгой мал өвөлжиж байна. Тус сум хойд хэсгээрээ 25-50см, зүүн хэсгээрээ 35-45см, баруун хэсгээрээ 15-50см, урд хэсгээрээ 25-35 см цастай нутгийн 80 хувь нь цасан бүрхүүлтэй байна.
Харин Дэлүүн сумаас хөрш зэргэлдээ Ховд аймгийн Дуут сум, Хөх сэрхийн ДЦГазарт нийтдээ 2 багийн найман суурийн 10000 гаруй мал оторлож байна. Оторт нийтдээ давхардсан тоогоор 36 малчин явж байгаа. Тус сумын уулархаг нутгаар 10-15 см, тал газраар 0-5 см цастай байна. Он гарснаас хойш Хөх сэрхийн дархан цаазат газар болон 7,8 дугаар багуудын нутгаар бага зэргийн цас нэмж орсон. Цаг агаарын байдал цаашид энэ чигээрээ үргэлжлэвэл 5,6,7,8 дугаар багуудын газар нутгийн бэлчээрийн гарц тааруу байсан учир мал төллөх үеэр хаваржилт хүндэрч болзошгүй байна.
Улаанхус сум нийт малчдын төвшинд 3720 тн өвс, 327,5 тн гар тэжээл бэлтгэж төлөвлөгөөг 100 хувиар биелүүлсэн. Сумын нөөцөд 30 тн өвс, 15 тн тэжээл бэлтгэж төлөвлөгөөг 56,3 хувиар биелүүлсэн. Одоогийн байдлаар малчид өөрсдийн бэлтгэсэн өвс, гар тэжээлийг нь хэрэглэж, сумын нөөцийн өвс, тэжээлийн нөөцийг одоогоор задлаагүй байна.
Булган сумын нөөцөд 26 тн өвс, бэлтгэсний 10 тн нь 500 боодол пресслэсэн өвс, улсын нөөцийн фонтод хадгалж байна. 16 тн байгалийн хадлангаас бэлтгэсэн өвс багуудын нөөцөд бэлэн байна. Сумын аюулгүйн нөөцийн фонтод аймгийн мал хамгаалах сангаас 60 тн боодол өвс, сумын улсын нөөцийн фонтод өнгөрсөн жилийн үлдэгдэл болон энэ жил шинээр нэмж татсан тэжээлийн зохих нөөц байна. Аймгаас өгөгдсөн хадлангийн төлөвлөгөө- 3900 тн байсныг 4100 тн өвс бэлтгэж, 200 тн-оор давуулан биелүүлсэн бол гар тэжээлийн төлөвлөгөө-350 тн-ыг 380 тн гар тэжээл бэлтгэж, гар тэжээлийн төлөвлөгөөг 30 тн-оор тус тус давуулан биелүүлжээ.
Харин Дэлүүн сумын малчид өөрийн хүч хөрөнгөөр 2018 онд 10 га талбайд тордолт хийж, хашиж хамгаалалт хийх замаар өвс, тэжээл бэлтгэх ажлыг жил бүр нэмэгдүүлжээ. 2019 онд сумын хэмжээнд 3178,8 тн өвс, 922 тн гар тэжээл, Сумын аюулгүй нөөцөд 30тн өвс бэлтгэж нөөцөлжээ.
Алтай суманд малчин өрх 726, мал бүхий өрх 184, нийт өвөлжих малын тоо 154,714 байна. Бэлчээрийн хүрэлцээ хангамж нийт бэлчээрийн 268211 га талбайтай өвөл, хаврын бэлчээрийн дундаж ургац 3.2 ц/га нийт малын 65 хувьд хүрэлцээтэй байна.
Малчдын хэрэгцээнд бэлтгэх байгалийн хадланг 1020 иргэний 1600 га талбайг координатаар баталгаажуулан гэрээгээр ашиглаж 5500 тн байгалийн хадлан, гар тэжээл 1350 тн, хужир шүү 650 тн, нийт малд шаардагдах тэжээл 100 хувь бэлтгэжээ. Энэ жил өөрийн нутагтаа отор хийх боломж гарч сум дотроо 1 дүгээр баг Хар нуур, Цалгар, Чихэртэй, 3 дугаар баг Жалангаш, Даваат, 5 дугаар баг Боомын ам, Тошин, Гурван булаг газруудад 40 өрхийн 3000 бод, 20650 бог, 3 дугаар баг болох Чихэртэй, жаланаш, Даваат чиглэлд 25 өрх 2795 бод, 11250 бог, 1 дүгээр багийн нутаг Хар нуур, Цалгар, Чихэртэй чиглэлд 30 өрхийн 2500 бод, 11800 бог мал тус тус отор нүүдэл хийж байна.
Мөн сумын өвс тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэх зорилгоор хавар Ченжүүдээс 20 тн пресс, 5 тн ногоон өвсийг сумын малчдаас бэлтгэн тэжээлийн нөөц бүрдүүлэн ажилласан.
Одоогийн байдлаар сумын нийт нутгийн 80 орчим хувь нь цасан бүрхүүлтэй. Уулархаг газар 8-10 см зузаан цастай, хунгарласан газарт 40-50 см, нам доор газар 2-5 см цасан бүрхүүл тогтсон. Цаашид цас нэмэгдэж орсон нөхцөлд сумынхаа нийт газар нутагт өвөлжилт хүндэрэх төлөвтэй байна.
ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле Баян-Өлгий аймгийн Алтай сумын малчин М.Донайн хотонд зочилж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, малчны санал хүсэлтийг сонссон юм.
Баян-Өлгий аймгийн Булган сумаас мал төллөлтийн үед эх малыг 10-20 хоног нэмэлт тэжээлд оруулахад шаардагдах 130-150 тн хүчит тэжээлийг хөнгөлөлттэй үнээр борлуулах, Их хуурайн салааг гүний худагтай болгох, сумын ХАА-н тасгийн мэргэжилтнүүдийг компьютер болон бусад тавилга, тоног төхөөрөмжөөр хангахад туслах, суманд жил бүр өвсний нөөц бүрдүүлэхэд шаардлагатай дунд оворын иж бүрэн, тоноглолтой трактортай болох санал гаргасан юм. Харин Дэлүүн сум хавар төллөх малд нэмэгдэл тэжээлийн хэрэгцээг байгааг ажлын хэсгийнхэнд уламжилсан бол Улаанхус сумын онцгой комиссоос Хүрэн хайрхан уулын орчмын айлуудыг худагтай болгох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ


















