Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн Улаан талбайд тоглолоо

ОХУ-ын нийслэл Москва хотноо олон улсын цэргийн оркестр, хүндэт харуулын жагсаалын уламжлалт фестиваль "Спасская Башня 2016" болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн Улаан талбайд тоглолоо
Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн Улаан талбайд тоглолоо. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын нийслэл Москва хотноо олон улсын цэргийн оркестр, хүндэт харуулын жагсаалын уламжлалт фестиваль "Спасская Башня 2016" болж байна. Наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү олон улсын хөгжмийн наадамд Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний 032 дугаар анги, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга хамтран амжилттай оролцож дэлхийд Монгол Улсынхаа нэр хүндийг мандуулж байна.

Энэхүү арга хэмжээ нь анх 2009 онд зохион байгуулагдаж эхэлсэн цагаасаа хойш Москва хотын Улаан талбайд 40 орны 140 гаруй үлээвэр хөгжмийн оркестр, үлээвэр найрал хөгжмийн аялгуу, хүндэт харуулын жигдэрсэн тоглолтоор дэлхийн хамгийн том цэргийн үлээвэр хөгжмийн наадмын нэг болсон. Дэлхийн олон орны түүх соёл, ёс заншил, үндэсний болон цэргийн дүрэмт хувцас, төрийн хүндэт харуулын үзүүлбэртэй танилцах ховорхон боломж олгодгоороо онцлог юм. Энэ жилийн хувьд тус наадамд Монгол, Сингапур, Грек, Испани, Израйль зэрэг улс орнууд анх удаагаа оролцож байгаа бөгөөд нийт 12 орны 22 цэргийн хөгжмийн оркестр, 8 орны хүндэт харуулынхны жагсаалаар Улаан талбайг чимэж байгаагаараа өнгөрсөн жилээс ялгаатай байлаа.

Улаан талбайгаас гадна Москва хотын цэцэрлэгт хүрээлэнгүүд, төмөр замын буудлууд, хүүхдийн хотхонуудад үлээвэр хөгжмийн гайхамшигийг сонирхуулдаг юм. Энэ удаад манай төрийн хүндэт харуулын ёслолын хувцас энэхүү наадмыг чимэж байгааг олон улс орон, Оросын ард түмэн шагшин магтаж байлаа.

Наймдугаар сарын 27-ны өдөр Москвагийн цагаар 12:00 цагт дэлхийн хамгийн чадварлаг үлээвэр хөгжимчид нэгэн дор ВДНХ цэцэрлэгт хүрээлэнгийн төв цэгээс гол хаалга хүртэл баярын жагсаалаар үндэсний хөг аялгуугаа эгшиглүүлэн алхлаа. Энэ үеэр ҮЖҮНХ, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуулын хугацаат цэргийн алба хаагчид жигдэрсэн жагсаалын алхаагаар алхаж, төрийн хүндэт харуулын хувцас, Монгол аялгуугаараа Оросын ард түмний сэтгэлийг татсан юм.

Наймдугаар сарын 28-ны өдөр 11.00 цагт Москва хотын дөрвөн том төмөр замын буудалд 11 орны үлээвэр найрал хөгжимчид нэгэн зэрэг тоглосон бол манай ҮЖҮНХ-ын хөгжимчид, ЦДБЭЧ-ын дуучин, бүжигчид Казанский вокзалд уран бүтээлээ толилууллаа. Наймдугаар сарын 31-ний өдөр Улаан талбайд хүүхдүүдэд зориулан босгосон хүүхдийн хотхонд олон улсын үлээвэр найрал хөгжимчид өөрсдийн уран бүтээлээсээ тоглож сонирхуулсан бол есдүгээр сарын 4-ний өдөр Москва хотын 11 том цэцэрлэгт хүрээлэнд 11 орны үлээвэр найрал хөгжимчид нэгэн зэрэг ард иргэдэд, жуулчдад цэргийн марш тоглож сонирхуулах юм байна.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

Хуваалцах