Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлнэ
Мэдээллийн алба

Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн дархлаажуулалтад зорилтот бүлгийн 293,610 иргэнийг хамруулахаар төлөвлөснөөс 2026 оны 10 дугаар сарын 02-ны байдлаар хамрагдалт 69.2 хувьтай үргэлжилж байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2026 оны 10 дугаар сарын 1- 15-ны өдрүүдэд 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүдийн улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлнэ.
Энэ хүрээнд дараах 3 чиглэлээр ажиллаж байгаа аж.
НЭМГ-ын шуурхай удирдлагын баг болон ХӨСҮТ-ийн Томуугийн харуулан тандалт, дархлаажуулалтын албатай хамтран дүүргийн Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүдэд дэмжлэгт хяналт хийж байна.
Дүүргийн Эрүүл мэндийн төвүүд 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх төлөвлөгөөгөө дүүргийн Засаг даргын Тамгын газарт танилцуулан, дархлаажуулалтыг хамтран зохион байгуулж байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүүхдүүдийн томуугийн дархлаажуулалтын хамрагдалтын мэдээллийг дүүргийн Засаг дарга нарт танилцуулж, дархлаажуулалтыг дэмжин ажиллах хүсэлт хүргүүлэн ажиллаж байна.
Иймээс эцэг эх, асран хамгаалагчид 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүдээ томуугийн эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамруулж, өөрийгөө болон гэр бүлээ, мөн бусдын хүүхдүүдийг ч халдвараас сэргийлэн, томуугийн хүндрэлээс хамгаалаарай.


















