Улс тѳрийн намуудын дотоод ардчилалд хийсэн судалгааны дүнг танилцуулав
МАН, АН, МАХН, ХҮН-ынхан “ардчилсан” буюу 66 оноо авсан байна. Харин Иргэний зориг, ногоон нам, Эх орон нам, Монголын ногоон нам, Үнэн ба зѳв намынхан 50-аас доош үнэлгээ буюу “хагас ардчилсан” ангилалд багтжээ
Мэдээллийн алба

Монголын улс тѳрийн намуудын дотоод ардчилалд хоёр дахь удаагаа хийсэн судалгааны дүнгээ “Дефакто” институтээс ѳчигдѳр танилцууллаа. Өнгѳрсѳн жил эл судалгааг хийхдээ тоон аргачлалаар зургаан намыг хамруулсан бол энэ удаа найман намыг оролцуулжээ. МАН, АН, МАХН, ХҮН-ынхан “ардчилсан” буюу 66 оноо авсан байна. Харин Иргэний зориг, ногоон нам, Эх орон нам, Монголын ногоон нам, Үнэн ба зѳв намынхан 50-аас доош үнэлгээ буюу “хагас ардчилсан” ангилалд багтжээ. Намуудын дотоод ардчиллыг үнэлэхдээ чанарын судалгааны буюу олон улсад хэрэглэдэг аргыг ашигласан байна. Өөрөөр хэлбэл, намын гишүүдтэй ярилцаж, Улсын дээд шүүхийн нээлттэй мэдээллийн сан болон намуудын үндсэн дүрэм, журам, дотоод ардчилалтай холбоотой гарсан зарим үйл явдал, баримтад шинжилгээ хийжээ.
Одоогоор улс тѳрийн 32 нам үйл ажиллагаа явуулж буй ч дээрх наймаас бусад нь тодорхой болон тодорхойгүй шалтгаанаар судалгаанд оролцохоос татгалзсан аж. Улс тѳрийн намууд Засгийн эрхэд нөлөөтэй институт учраас түүний дотоод ардчилал, гишүүдийн оролцоо, ил тод байдлыг судлах нь чухал гэдгийг судалгааны багийн гишүүн, МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн ахлах багш, доктор Э.Гэрэлт-Од хэлэв. Энэ жилийн судалгааны дүн ѳмнѳх оныхоос ѳндѳр үзүүлэлттэй гарсан нь УИХ-ын 42 дугаар тойргийн нѳхѳн сонгуульд бэлтгэх, нэр дэвшигчдээ тодруулах зорилгоор намуудын гишүүдийн оролцоо идэвхэжсэнтэй холбоотой гэж судлаач нар үзэж байна. Ийм судалгаа гаргаснаар намуудтай холбоотой асуудлыг нээлттэй ил тод зарлаж, шийддэг, хариуцлагатай намуудыг бий болгоход хувь нэмрээ оруулах ач холбогдолтой аж.


















