Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 36 мянга орчим хүн байдаг

Цагаатгах Ажлыг удирдан зохион байгуулах Улсын Комисс өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 36 мянга орчим хүн байдаг
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 36 мянга орчим хүн байдаг. Зураг: МҮОНРТ

Цагаатгах Ажлыг удирдан зохион байгуулах Улсын Комисс өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Энэ үеэр Цагаатгах Ажлыг удирдан зохион байгуулах Улсын Комиссын Нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн өнгөрсөн оны тайлангаа танилцуулав. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээн цагаатгахад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 36 мянга орчим хүн байдаг гэсэн албан бус тоо байдаг бөгөөд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдээд 1939-2014 оны хооронд 31193 хүн цагаатгагдсан. 2014 онд Монгол Улсын дээд шүүхээс 21 хүн, Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас 9 хүнийг тус тус цагаатгасан байна. Мөн 2015 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс өнөөг хүртэл Ерөнхий прокурорын газраас хоёр хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан тухай танилцууллаа.

Мөн тэрбээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд тусламж, дэмжлэг үзүүлэх талаарх танилцуулгадаа, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нөхөх олговрын 500 мянга, 1 сая төгрөгийг 1998 оноос хойш өнөөг хүртэл тус хуулийн 10 дугаар зүйлд заасан нэхэмжлэх эрхтэй хүмүүс буюу хэлмэгдэгч, тэдний эхнэр /нөхөр/, үр хүүхэд, ах, дүү, ач, зээ зэрэг 18081 хүнд 16 тэрбум 290 сая төгрөгийн нөхөх олговор олгосон. 2014 оны 45 нэхэмжлэгчид 42.5 сая төгрөгийн нөхөх олговор олгосон. 2015 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс өнөөдрийг хүртэл 12 нэхэмжлэгчид 11 сая төгрөгийг нөхөх олговор олгосон тухай дурдав.

Цагаатгах Ажлыг удирдан зохион байгуулах Улсын Комиссын дарга Л.Цог, цагаатгах ажлын хугацаа их шахуу байгаа учраас холбогдох хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөө дахин нягтлан харах, ажлыг хийж гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах төсвийн асуудалд анхаарах, орон нутгийн салбар комиссын ажлыг эрчимжүүлэх хүрээнд орон нутгийн архивт шалгагдаагүй хэрэг материал байгаа эсэх, хэлмэгдэгсэдтэй холбоотой судалгаа гаргуулж тэдгээрийг төвлөрүүлэх зэрэгт анхаарах шаардлагатай байгаа тухай онцлог тэмдэглэв.

Хуралдааны үеэр Комиссын гишүүд өнгөрсөн онд хийсэн ажлаа дүгнэхийн зэрэгцээ Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмжийн дагуу мөн холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд цаашид анхаарах асуудлуудын талаар харилцан санал солилцлоо.

Хуваалцах