“Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь” бүтээж байна
МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, ШУТИС, МУБИС, Шинжлэх ухааны академи, Удирдлагын академийн судлаач, эрдэмтэн 30 гаруй багш “Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь” бүтээх ажлыг эхлүүлжээ.
Мэдээллийн алба

Монгол Улс анх удаа "Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь"-той болох гэж байна. МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, ШУТИС, МУБИС, Шинжлэх ухааны академи, Удирдлагын академийн судлаач, эрдэмтэн 30 гаруй багш “Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь” бүтээх ажлыг эхлүүлжээ. Энэхүү ажил өнгөрсөн жилээс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 1200 нэр томьёог сонгон монгол, англи хэлнээ хөрвүүлээд байгаа аж. Эрдэмтэд толь бичиг бүтээх ажлаа ийнхүү эхлүүлсэн ч санхүүгийн асуудлаас ажил нь зогсонги байдалд оржээ.
Тиймээс Шадар сайд У.Хүрэлсүхийг Монголдоо анх удаа бүтээх гэж буй энэхүү толь бичгийг хэвлүүлэн гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Шадар сайд энэ санаачилгыг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлж өнөөдөр эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр “Аливаа орны улстөрийн бодлого, улстөрийн намын бодлого шинжлэх ухаанд тулгуурлах ёстой. Өнгөрсөн 20 жилд шинжлэх ухааныг хойш нь тавьж, мартаж явсны уршгаар олон бодлогын алдаанууд гарч байна. 1990 онтой харьцуулахад Монгол Улс хөгжсөн үү гэвэл хөгжсөн. Гэхдээ улс төрийн бодлогодоо судалгаагүй, шинжлэх ухаанч биш байдлаар хандаж үүнээс ч илүү хөгжих боломжоо алдсан нь үнэн. Та бүхэн "Улс төрийн шинжлэх ухааны толь" бичиг бүтээх гэж байгаа нь томоохон оюуны хөрөнгө оруулалт. Улс төрийн талаар нэгдсэн ойлголттой болж маргаантай асуудлаар эргэлзээгээ тайлдаг, олон жилийн дараа ч үнэ цэнээ алдахгүй тийм хэмжээний толь бичигтэй болох санаачилгыг дэмжиж, Шадар сайдын хувьд санхүүгийн туслалцаа үзүүлнэ. Энэ асуудлаар Ерөнхий сайд, Боловсролын сайдтай уулзах бодол байна. Бас энэхүү томоохон ажлыг дэмжиж хамтран ажиллах компаниудыг хайж сураглана” гэлээ.
Түүнчлэн Шадар сайд номын зохиогчдод хандан хэвлэл дизайн, утга найруулгын хувьд мэргэжлийн чамбай бүтээл гаргахыг захисан бол толь бичгийг зохиогчдын төлөвлөж байгаагаар энэ ондоо багтаж номоо хэвлүүлэх боломжтой ажээ.


















