Улсын бүртгэлийн 30 үйлчилгээг цахимаар үзүүлдэг болно
УБЕГ-ын дарга Б.Баасандорж Дэлхийн банкны дижитал хөгжлийн Ахлах мэргэжилтэн бөгөөд "Ухаалаг засаг" төслийн багийн ахлагч Сиоу Чью Күк тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Мэдээллийн алба




УБЕГ-ын дарга Б.Баасандорж Дэлхийн банкны дижитал хөгжлийн Ахлах мэргэжилтэн бөгөөд "Ухаалаг засаг" төслийн багийн ахлагч Сиоу Чью Күк тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.Уулзалтын эхэнд УБЕГ-ын дарга Б.Баасандорж Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, тэр дундаа Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Дэлхийн банктай хамтран “Ухаалаг засаг” төслийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлэв. Тэрбээр, энэ оны 9 дүгээр сарын 27-ноос 29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан мэдээлэл харилцаа, холбооны салбарын ICT EXPO 2019 үзэсгэлэнгийн үеэр төслийн 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсан Улсын бүртгэлийн 30 үйлчилгээг иргэд цахим хэлбэрээр гэрээсээ авах боломж бүрдэх талаар танилцуулахад иргэд ихээхэн сайшааж байсан тухай дуулгаж байв. Түүнчлэн “Ухаалаг засаг” төслийн санхүүжилтээр Эд хөрөнгийн эрхийн цахим бүртгэлийн системийг орон даяар нэврүүлсний үр дүнд burgel.mn сайтаас эд хөрөнгийн лавлагаагаа авах боломжтой болсон хэмээн танилцуулж байв.Дэлхийн банкны дижитал хөгжлийн Ахлах мэргэжилтэн Сиоу Чью Күк Улсын бүртгэлийн байгууллагын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд "Ухаалаг засаг" төслийг хэрэгжүүлж дуусахад 15 сар үлдсэн хэдий ч энэ бол бага хугацаа, иймд Дэлхийн банкны зүгээс ажиллах хүний тоог нэмэгдүүлэн ажиллаж байна гэв. Тэрбээр, "Ухаалаг засаг" төслөөс хамгийн амжилттай, гүйцэтгэл сайтай төсөл бол Улсын бүртгэлийн байгууллагад хэрэгжүүлсэн төсөл болохыг онцолж байв. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран дараагийн төслийг хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа дуулгаж, энэхүү төслийн хүрээнд улсын бүртгэлийн 30 үйлчилгээг цахимаар үзүүлснээр иргэдэд чиглэгдсэн сайн төсөл болно гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ.Улсын бүртгэлийн дараах 30 үйлчилгээг цахимаар үзүүлдэг болно:1.Төрсний бүртгэлийн мэдүүлэг2.Гэрлэсний бүртгэлийн мэдүүлэг3.Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн мэдүүлэг4.Гэрлэлт сэргээсний бүртгэлийн мэдүүлэг5.Эцэг /эх/ тогтоосны бүртгэлийн мэдүүлэг6.Үрчилсний бүртгэлийн мэдүүлэг7.Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн мэдүүлэг8.Нас барсны бүртгэлийн мэдүүлэг9.Иргэний үнэмлэхийн бүртгэлийн мэдүүлэг10.Үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын бүртгэлийг мэдүүлэх11.Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлийн мэдүүлэг12.Оршин суугаа хаягийн бүртгэлийн мэдүүлэг13.Шилжилт хөдөлгөөний бүртгэлийн мэдүүлэг14.Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харъяаллыг сэргээн тогтоосны бүртгэлийн мэдүүлэг15.Хүйс өөрчлөгдсөний бүртгэлийн мэдүүлэг16.Хуулийн этгээд шинээр үүсэн байгуулагдсаны бүртгэлийн мэдүүлэг17.Хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн бүртгэлийн мэдүүлэг18.Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын бүртгэлийн мэдүүлэг19.Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын бүртгэлийн мэдүүлэг20.Төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийн бүртгэлд хориг тавьсны, цуцалсны бүртгэлийн мэдүүлэг21.Хуулийн этгээдийн оноосон нэр олгох, баталгаажуулах бүртгэлийн мэдүүлэг22.Эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн мэдүүлэг23.Бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн бүртгэлийн мэдүүлэг24.Сервитутын бүртгэлийн мэдүүлэг25.Ипотек (барьцаа)-ийн бүртгэлийн мэдүүлэг26.Узуфруктын бүртгэлийн мэдүүлэг27.Түрээсийн бүртгэлийн мэдүүлэг28.Усан замын тээврийн хэрэгсэл, агаарын хөлгийн санхүүгийн түрээс (лизинг)-ийн гэрээний эрхийн бүртгэлийн мэдүүлэг29.Батлан даалтын бүртгэлийн мэдүүлэг30.Газар эзэмших, ашиглах эрхийн бүртгэлийн мэдүүлэгУулзалтын үеэр талууд өмнө нь хэрэгжсэн төслийн үр дүн, дараагийн хэрэгжих төслийн талаар санал солилцож, байр сууриа илэрхийлэв. “Ухаалаг засаг” төслийн зорилго нь мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг төрийн үйл ажиллагаанд оновчтой ашиглах замаар төрийн үйлчилгээг илүү үр ашигтай, ил тод, хүртээмжтэй болгоход оршиж байгаа юм.


















