Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Завхан аймагт ажиллалаа
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Завхан аймгийн Сонгино, Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат сумын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаар боллоо.
Мэдээллийн алба

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Завхан аймгийн Сонгино, Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат сумын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаар боллоо.
Хамгийн түрүүнд малчдад хүрч үйлчлэхэд хүндрэлтэй болсон сумдын замыг гаргахад нэг ковш трактор өгөхөөр болсон байна. Мөн хойд чиглэлийн 4-5 сумын түргэн тусламжийн машины асуудлыг шийдвэрлэхээр болжээ.
Аймгийн зүгээс өнгөрсөн зуны үер усны улмаас үүссэн 250 орчим сая төгрөгийн хохирлыг барагдуулж өгөх, малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардагдсан зардлуудыг Улсын онцгой комиссоос санхүүжүүлэх, цаашид цаг агаар хүндэрвэл есөн сум зудын байдалд орж болзошгүй учраас энэ сумдад “Эрсдлээс хамгаалах сан” байгуулах, шатахууны өрийн асуудлыг шийдэх, мөн техник хэрэгсэлийн сэлбэг засвартай холбоотой 100-140 сая төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх саналыг тавилаа.

Ажлын хэсгийнхэн эдгээр саналыг нэлээд нааштайгаар хүлээн авч Улсын онцгой комиссын хурлаар оруулж шийдвэрлэхээ илэрхийллээ. Зөвхөн улсаас тусламж хараад суугаад байх биш, аймгийн зүгээс ч мөн холбогдох арга хэмжээнүүдийг авч эхэллээ. Тухайлбал, хаагдсан замуудыг нээхэд зориулж Завхан аймгийн Засаг дарга тодорхой хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, зам нээх ажлыг орон нутгийнхаа нөөц бололцоог дайчлан эхлүүлээд байна.
Мөн зургаан сумын түргэн тусламжийн машины засвар үйлчилгээний зардал, хойд чиглэлийн дөрвөн сумын өмнөх жилүүдэд үүссэн шатахууны өрийн асуудлыг тус тус шийдвэрлээд байна.


















