Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умард Солонгос Япон тэнгис рүү дахин пуужин харвалаа

Өчигдөр өглөө Умард Солонгос Япон тэнгис рүү дахин богино зайн тусгалт далавчит пуужин харвасан тухай БНСУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээллээ. Уг пуужин 60 км өндөрт хөөрч, 430-450 км зайг туулсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Умард Солонгос Япон тэнгис рүү дахин пуужин харвалаа
Умард Солонгос Япон тэнгис рүү дахин пуужин харвалаа. Зураг: МҮОНРТ

Өчигдөр өглөө Умард Солонгос Япон тэнгис рүү дахин богино зайн тусгалт далавчит пуужин харвасан тухай БНСУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээллээ. Уг пуужин 60 км өндөрт хөөрч, 430-450 км зайг туулсан байна.

Умард Солонгосын богино зайн тусгалт пуужин хөөргөх үйл ажиллагаа Хамгён мужийн Синпо боомт хотод орон нутгийн цагаар өглөөний 10 цагийн орчимд болсон байна. Японы эргийн хамгаалалтын албаныхан баллистик пуужингийн хэлтэрхий унах эрсдэлтэй талаар тухайн бүсэд байгаа загас агнуурын хөлөг онгоцнуудад анхааруулга өгсөөр байна. Өнгөрсөн 9 дүгээр сарын 15-нд Умард Солонгос Япон тэнгис рүү хоёр ч баллистик пуужин харвасан бөгөөд пуужингууд Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан юм. Умард Солонгос дахин тив хоорондын баллистик пуужин харвасан уг асуудал дээр АНУ, Япон, Өмнөд Солонгосын тал ээлжлэн байр сууриа илэрхийлээд байна. Япон улсын зүгээс Умард Солонгосын удаа дараагийн өдөөн хатгалгад харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

Сүүлийн сар гаруйн хугацаанд 4 удаа Япон тэнгис руу пуужингийн туршилт хийсэн Умард Солонгосын асуудлаар Япон, АНУ-ын Засгийн газрын өндөр албан тушаалтнууд утсаар ярьж хариу арга хэмжээ авахаар тохиролцсон байна. Талууд Пхеньяны дараагийн пуужингийн туршилтын талаар ярилцаж, цаашид бэлэн байдалд хамтран ажиллах болсон тухай Киодо агентлаг мэдээлсэн юм.

Харин Өмнөд Солонгосын зүгээс тус улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл Пхеньяны асуудлаар хэлэлцэж байна гэж мэдээлсэн байна. Өнгөрсөн сард Солонгосын хойгийн асуудал НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы хүрээнд анхаарал татсан гол сэдэв болж байсан юм. Тус чуулганд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Солонгосын хойгт дайн дууссаныг тунхаглах хүсэлтэйгээ илэрхийлж байсан билээ. АНУ болон БНХАУ-ын зүгээс Умард Солонгостой дахин харилцаагаа сэргээхийг дэмжиж байгаа илэрхийлж байсан юм. Өчигдөр өглөө АНУ-ын цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Жеффри Эберхард мэдэгдэл хийж хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн гэдгээ мэдэгдсэн юм.

Умард Солонгосын талаас тив алгасагч пуужингууд туршсаар байгаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг удаа дараа зөрчиж байна хэмээн НҮБ-аас мэдээллээ. Умард Солонгосын хувьд өнгөрсөн 9 дүгээр сард 4 удаа, энэ онд 8 удаа пуужингийн туршилт хийж байгаа нь энэ юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үед шат ахисан АНУ, Өмнөд Солонгос, Умард Солонгосын харилцаа цаашид хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байна. Ямартай ч Умард Солонгосын зүгээс хэлэлцээрийн ширээний ард сууя гэсэн АНУ-ын мэдэгдэлд хариу өгөлгүйгээр пуужингийн туршилтаа үргэлжлүүлсээр байгаа юм.

Хуваалцах