Өмчийн харилцааны журмыг шинэчлэн баталлаа
Шинэчлэн найруулсан журмын төсөлд хуулийн этгээдээс хөрөнгийн хөдөлгөөнтэй холбоотой шийдвэр гаргуулахын тулд тухайн харилцаанд хамааралтай ямар баримт бичгийг бүрдүүлсний үндсэн дээр хүсэлтээ ирүүлэх, хүсэлтийг хэн шийдвэрлэх, шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй заажээ.
Мэдээллийн алба

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн өмчийн харилцаатай холбоотой журмуудын шинэчилсэн төсөл, нэмэлт өөрчлөлтүүд, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудыг өөрчлөн байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Ингээд “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журам”, “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар”, “Нийслэлийн өмчийн байр талбайг түрээслэх, түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”, “Нийслэлийн өмчит эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулах журмыг хэлэлцэн баталлаа.
Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмын төсөлд түрээсийн орлогын бүрдүүлэлтэд голлох нөлөөтэй томоохон барилга, обьктуудын түрээслэгчдийн нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулна, нийслэлийн өмчийн барилга байгууламж, эд хөрөнгийг түрээслүүлэх үйл ажиллагааны чиглэл, жишиг доод үнийг хэрхэн тогтоох зэрэг харилцааг нарийн тусгажээ. Мөн нийслэлийн өмчийг түрээслэж байгаа иргэн, аж ахуйн нэгж барилга байгууламжид ямар байдлаар хэрхэн засвар шинэчлэлт хийх, түрээсийн гэрээг ямар хугацаанд байгуулахыг тусгасан байна.
Нийслэлийн өмчийн байр талбайг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулахдаа ил тод байдлыг хангана. Төсөлд 40 м кв хүртэлх талбайн түрээслэгчийг тухайн түрээслүүлэгч хуулийн этгээдийн даргын тушаалаар байгуулагдсан комисс, сонгон шалгаруулна гэж заасан байна. Харин нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулах журмаар эд хөрөнгийг шинээр олж авах, бүртгэх, акталж данснаас хасах, шилжүүлэх, худалдах зэрэг эд хөрөнгийн хөдөлгөөнтэй харилцааг зохицуулах юм байна.
Шинэчлэн найруулсан журмын төсөлд хуулийн этгээдээс хөрөнгийн хөдөлгөөнтэй холбоотой шийдвэр гаргуулахын тулд тухайн харилцаанд хамааралтай ямар баримт бичгийг бүрдүүлсний үндсэн дээр хүсэлтээ ирүүлэх, хүсэлтийг хэн шийдвэрлэх, шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй заажээ.


















