Өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталлаа
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Мэдээллийн алба

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулсан.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураан шийдвэрлэсэн саналуудыг хуулийн төсөлд бүхэлд нь нэмж тусгажээ.
Тендерт оролцогчийн гомдол гаргах ажиллагааг тендерийн баталгаагаар дамжуулан хариуцлагажуулах санал анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэнтэй уялдуулан хуулийн дотоод зүйл, заалтын уялдааг хангах зорилгоор тендерийн баталгааны тухай ойлголтод нэмэлт оруулах, гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг улсын орлого болгох саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж танилцуулгадаа дурдсан.
Мөн Тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд хувийн хэвшлийн төлөөллийг оруулахтай холбоотой саналыг хуралдаан даргалагчаас чиглэл өгсөний дагуу хянан үзээд төслийн заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзжээ.
Санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсны эцэст хуралдаанд оролцсон гишүүдийн 86 хувийн саналаар хуулийг эцэслэн баталлаа.


















