Өмнөд Солонгост коронавирус илэрсэн өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлжээ
Өмнөд Солонгост, Ойрхи Дорнодоос гаралтай коронавирус давтан илэрсэн нэгэн өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлжээ.
Мэдээллийн алба

Өмнөд Солонгост, Ойрхи Дорнодоос гаралтай коронавирус давтан илэрсэн нэгэн өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлжээ. Өмнө нь энэ вирусаар өвчилсний улмаас эмчлүүлж байсан энэ өвчтөнд корона вирусын шинжилгээ хийхэд эерэг үзүүлэлт гарсан талаар “Рэнхап” мэдээллийн агентлаг уламжилсан байна.
Мөн уг өвчтөн хэдийнэ эмнэлгийн нийтийн хэсэгт бусад өвчтөнтэй харьцсан, гэхдээ түүнийг тусгаарлах арга хэмжээг одоогоор аваагүй гэж мэдээлсэн байна. Ойрхи Дорнодоос гаралтай коронавирустай нь оношлогдсон уг иргэнийг одоогийн байдлаар “Самсунг” эмнэлгээс шилжүүлж Сөүлийн төв эмнэлэгт хүргэсэн байгаа юм байна. Энэ оны зургаа, долоодугаар сард Өмнөд Солонгост Ойрхи Дорнодоос гаралтай коронавирусын халдвар дэгдэж, 186 хүн уг вирусаар өвчилснөөс 36 нь нас барсан юм.
Түүнээс хойш энэ өвчний тохиолдол шинээр бүртгэгдээгүй байсан юм. Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж корона вирус эхний шатандаа онцын шинж тэмдэг илэрдэггүй. Юун түрүүнд дархлаа султай, уушгины архаг өвчин, чихрийн шижинтэй, мөн бөөрний дутагдалтай хүмүүс өвчлөх эрсдэл хамгийн өндөртэй бүлэгт багтдаг байна. Энэ вирусын эсрэг вакцин одоогоор байхгүй. Энэ вирусын уугуул голомт болсон Ойрхи Дорнодод уг вирусээс шалтгаалсан нас баралт 40 орчим хувьтай байдаг бол Өмнөд Солонгост 18.8 хувьд хүрсэн юм.


















