Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Өмнөговь аймагт нийгмийн үйлчилгээний салбарууд ачаалал ихтэй байна

Хөдөөгийн иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг яаж зохион байгуулбал зохистой байна, шат шатны байгууллагын ажил үйлчилгээг хэрхэн уялдуулбал үр дүнтэй ажиллах вэ зэрэг чиглэлээр орон нутгийнхны санал сонсох хэлэлцүүлэг Өмнөговь аймагт өрнөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Өмнөговь аймагт нийгмийн үйлчилгээний салбарууд ачаалал ихтэй байна
Өмнөговь аймагт нийгмийн үйлчилгээний салбарууд ачаалал ихтэй байна. Зураг: МҮОНРТ

Хөдөөгийн иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг яаж зохион байгуулбал зохистой байна, шат шатны байгууллагын ажил үйлчилгээг хэрхэн уялдуулбал үр дүнтэй ажиллах вэ зэрэг чиглэлээр орон нутгийнхны санал сонсох хэлэлцүүлэг Өмнөговь аймагт өрнөлөө.

“Төрийн бодлого, үйл ажиллагааг дунд, доод шатанд замхруулахгүйн тулд анхан шатны нэгжийн ажил үйлчилгээг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. Шинэчлэлийн Засгийн газар орон нутгийн, тэр дундаа анхан шатны нэгжүүдийн ажил, үйлчилгээг шинэчлэх бодлого боловсруулж эхэлсэн. Үүндээ Төрийн ордонд суудаг дарга нарын биш, энэ ажлыг гардан хийдэг албан хаагчдын санаа бодлыг тусгахаар бүх аймагт хэлэлцүүлэг явуулж байна” гэж Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очир хэллээ.

Уул уурхайн хөгжлийг дагасан хүн амын шилжилт хөдөлгөөний улмаас Өмнөговьд нийгмийн үйлчилгээний салбарууд нь ачаалал ихтэй байна. Өмнөговийн үндсэн хүн ам 60 шахам мянга, үүн дээр 40 гаруй мянган иргэн түр суурьшсан гэнэ. Суурин хүн амд нь тохируулан төсөв хөрөнгө баталж өгч, хөгжлийн төлөвлөлт хийдэг жишгээр Өмнөговь аймаг 60 мянган хүнд үйлчилгээ хүргэх хэмжээний л төсөв, төлөвлөгөөтэй. Гэтэл бодит байдал дээр бараг 100-гаад мянган хүнд нийгмийн суурь үйлчилгээ хүргэх үүрэг хүлээж, эрүүл мэнд, боловсролын салбар нь ачааллаа дийлэхээ болилоо. Хэдхэн жилийн дараа усны нөөц, бэлчээрийн хомсдолтой холбоотой асуудал хурцдах төлөвтэй байна. Иймээс орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд суурин болон хөдөлгөөнт хүн амын тоог харгалзаж тооцмоор байна гэж аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж тодотголоо.

Улирлын чанартай түр оршин суугчдаас гадна энэ аймагт шилжин ирэгсдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсэн тул шинээр 5 баг байгуулж, одоо нийт 58 багтай болжээ. “Уул уурхайг даган хөгжиж буй олон төрлийн шинэ бизнесийн нөлөөгөөр хуульд заагдаагүй үйлчилгээнүүд бидний ажилд нэмэгдсээр байна. Иймээс төрийн төлөөлөл зайлшгүй хийх шаардлагатай бүртгэл, лавлагааны үйлчилгээг ялгаж журамлах, эсвэл иргэний цахим үнэмлэхийг хэрэглээнд бүрэн ашигладаг болгож олон төрлийн тодорхойлолт бичихийг халмаар байна” гэсэн саналыг Өмнөговийнхон дэвшүүллээ. Уул уурхайн нөлөөгөөр амьдрах орчин нь доройтсон сумдад эрэгтэй, эмэгтэй өрх толгойлсон зохиомол айл үүсгэж, баг сум дамжсан хийсвэр харъяалалтай иргэд элбэгшлээ. Нөхөр нь малаа аван бэлчээр дагаж, эхнэр нь сургуулийн хүүхдээ дагуулан төв суурин бараадсанаас ийм байдал үүсч байна. Шилжилт хөдөлгөөн, иргэний бүртгэлтэй холбоотой энэ төвөгтэй байдлыг шийдэх хамгийн зөв гарц мөн л иргэний цахим үнэмлэх, гэхдээ өнөөдөр цахим үнэмлэх үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж өмнөговьчууд дүгнэлээ.

Ийнхүү орон нутагт тулгарч байгаа асуудал, алдаа оноог хэлэлцсэн “Баг-иргэний засаг захиргаа” хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн 58 багийн Засаг дарга нар санал бодлоо илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Хуваалцах