ӨМӨЗО-д “Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч байна
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошуунд “Ковид-19” цар тахлын халдварт 5 тохиолдол, Шилийн гол аймгийн Эрээн хотод 2 тохиолдол илэрсэн байна.
Мэдээллийн алба

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошуунд “Ковид-19” цар тахлын халдварт 5 тохиолдол, Шилийн гол аймгийн Эрээн хотод 2 тохиолдол илэрсэн байна. Үүний улмаас орон нутгийн засаг захиргаа нь хилийн боомтуудыг хааж, нийтийн тээврийг зогсоон, бүх нийтийг шинжилгээнд хамруулах ажиллагааг шуурхай явуулж байна.
Мягмар гарагт Эзнээ хошуунд бүртгэгдсэн халдварын 5 тохиолдол нь Хятадын баруун хойд Шаньси мужаас ирсэн аялагчдаас илэрчээ. Халдвар авсан дээрх 7 хүнийг орон нутгийн эмнэлэгт хүргэж, эмчилж байна. Эдгээр шинэ тохиолдлуудаас үүдэж орон нутгийн эрх баригчид нь “Ковид-19” цар тахлын эсрэг яаралтай хариу арга хэмжээ авч байгаа юм.
Тухайлбал, замын хөдөлгөөнийг хязгаарлаж, сургуулиудын үйл ажиллагааг зогсоох, өндөр эрсдэлтэй гэсэн газруудыг хааж, иргэдийг нийтээр нь шинжилгээнд хамруулах ажиллагааг зохион байгуулж байна. Одоогоор дээрх 7 тохиолдлын ойрын 197 хавьтал, дам 85 хавьтлыг илрүүлж ажиглаж байна. Алшаа аймгийн Эзнээ хошуунд коронавирусний шинжилгээ авах 12 төв байгуулж, шинжилгээ авах хүн хүчийг боломжит бүх хувилбараар дайчилжээ. Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлыг бүгдийг илрүүлж, тусгаарлах байруудад шилжүүлсэн гэж тус хошууны албан тушаалтан мэдээлжээ.
Мөн хөрш мужуудаас нь цар тахлын тархалтыг хязгаарлахад дэмжлэг үзүүлэх үүднээс эмч мэргэжилтнүүдээ Алшаа аймаг руу илгээсэн байна. Түүнчлэн орон нутгийн эрх баригчид нь цар тахалтай тэмцэхэд шаардлагатай хангамжийг бүрдүүлэхээр шаргуу ажиллаж байгаагаа мэдээлжээ.
Эзнээ хошуунд одоогоор эмнэлгийн шаардлагатай бүх хэрэгсэл, өдөр тутмын хэрэгцээт зүйлсийг хангалттай нийлүүлсэн байна.


















