Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ӨМӨЗО-ны Залуучуудын холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Ардчилсан залуучуудын холбооны гишүүд энэ сарын 13-15-ны өдрүүдэд ӨМӨЗО-ы Залуучуудын холбооны үйл ажиллагаатай танилцлаа. Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨМӨЗО-ны Залуучуудын холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
ӨМӨЗО-ны Залуучуудын холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Ардчилсан залуучуудын холбооны гишүүд энэ сарын 13-15-ны өдрүүдэд ӨМӨЗО-ы Залуучуудын холбооны үйл ажиллагаатай танилцлаа. Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Баттүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга П.Гантулга болон Нарийн бичгийн дарга нар, Удирдах зөвлөлийн гишүүд болон 21 аймаг, 9 дүүргийн Ардчилсан залуучуудын холбооны төлөөллөөс бүрдсэн баг Хөх хотод хийсэн энэхүү айлчлалаараа Хятад Монгол залуучуудын байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. ӨМӨЗО-ны Залуучуудын холбооны дарга Чан Чен, Дэд нарийн бичгийн дарга Жау Шүан нар өөрсдийн үйл ажиллагааг танилцуулан цаашид байнгын хамтын ажиллагааг өргөтгөх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Санамж бичигт гарын үсэг зурснаар харилцан туршлага солилцож, соёл, спорт, боловсролын хүрээг өргөтгөхөөс гадна эрүүл мэнд, хүмүүнлэгийн үйл ажиллагааг идэвхижүүлэх ач холбогдолтойг хоёр орны залуучууд санал нэгтэйгээр дэмжив. Уулзалтаар зөвхөн хоёр орны залуучууд хамтын үйл ажиллагааг идэвхитэй зохион байгуулахаас гадна бүс нутгийн залуучууд хамтарч ажиллах шаардлагатай гэдгийг талууд илэрхийлсэн юм.

Энэхүү айлчлалын хүрээнд Монголын залуучуудын холбооны төлөөлөгчид Хөх хотын Үндэсний туршилтын сургуулийн сурагчидтай танилцаж, монгол сурагчидтай уулзаж, гарын бэлэг гардуулжээ. Энэхүү сургууль нь 1985 онд байгуулагдсан, Хөх хотын тэргүүн зэрэглэлийн сургууль юм. Нийт 1800 гаруй сурагчдаас 80 орчим сурагч Монгол Улсаас ирж суралцаж байгаа аж.

Тус сургуулийн сурагч Г.Уранбайгал “Би Төв аймгийн уугуул хүүхэд. 14 настай. Ирээдүйдээ хөрөнгө оруулж, тустай зүйл хийж бүтээх зорилготойгоор Хөх хотыг зорин ирж, суралцаж байна. Энд ихийг сурч боловсроод эх орондоо хэрэгтэй хүн болно гэсэн хүсэл тэмүүлэлтэй байдаг. Сургуулиа төгсөөд Ардчилсан залуучуудын холбоонд элсэн орж, нийгэмд идэвхитэй байж, эх орондоо хэрэгтэй зүйл хийж бүтээнэ гэж боддог” хэмээн ярьж байв.

Ардчилсан залуучуудын холбооны төлөөллүүд тус сургуулийн дотуур байр, монгол сурагчдын ахуй амьдралтай танилцсан бөгөөд тус сургуулийн монгол сурагчид урлагын тоглолтоор бэлэг барьсан юм.

Тус сургууль нь 15118 м.кв талбайтай, зүлэг, тохижилт бүрэн хийгдсэн, хүүхэд сурч хүмүүжих боломжоор хангагдсан сургууль бөгөөд хятад, монгол хоёр хэлээр сургалт явуулдаг байна. Ингэхдээ Монгол дахь улсын болон хувийн хэвшлийн хэд хэдэн сургуультай хамтарч ажилладаг. Цаашид Монгол улсын Ардчилсан залуучуудын холбоогоор дамжуулан хоёр улсын сурагч солилцооны үйл ажиллагаа явуулж, харилцан мэдлэг боловсрол эзэмшүүлэх хүсэлтэй байгааг тус сургуулийн удирдлагууд онцоллоо.

Хуваалцах