"Унадаг дугуйтай Улаанбаатар" төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно
Монголын Залуучуудын Холбоо Улаанбаатар хотод унадаг дугуйн зам барихад боломжтой, аюулгүй орчинг тодорхойлох, Улаанбаатар хотод цаашид баригдахаар төлөвлөсөн замууд, уулзваруудын ажлын даалгавар, зураг төсөлд тусгуулах арга замыг тодорхойлох зорилгоор “Унадаг дугуйтай Улаабаатар” төслийн нээлттэй х
Мэдээллийн алба

Монголын Залуучуудын Холбоо Улаанбаатар хотод унадаг дугуйн зам барихад боломжтой, аюулгүй орчинг тодорхойлох, Улаанбаатар хотод цаашид баригдахаар төлөвлөсөн замууд, уулзваруудын ажлын даалгавар, зураг төсөлд тусгуулах арга замыг тодорхойлох зорилгоор “Унадаг дугуйтай Улаабаатар” төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зарлаж байна. Өнгөрсөн оноос эхлэн залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Спирт үү, спорт уу” аяныг өрнүүлэн энэ хүрээнд Улаанбаатар хотыг унадаг дугуйн замтай болгох чиглэлээр олон ажлуудыг хийсэн бөгөөд нэг сарын хугацаанд уламжлалт цаасан болон цахим online хэлбэрээр иргэдийн дунд санал асуулга явуулж нийт 25.521 саналыг авч чадсан юм.
Энэ бол том тоо, иргэд маань дэлхийн жишигт нийцсэн хоттой болох, мөн нийслэлийн хорт утааг багасгах, эрүүл мэндээ сайжруулж, бие бялдраа хөгжүүлэх гээд олон талын ач тустай гэж үзсэн юм. “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг “НИТХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ээр дамжуулан НИТХ-д өргөн барьж нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг суулгуулсан бөгөөд Нийслэлийн 2014 оны ерөнхий төлөвлөлтөд оржээ.
Тиймээс МЗХ Улаанбаатар хотод унадаг дугуйн зам барих ажлыг ажил хэрэг, бүтээн байгуулалт болгох зорилгоор “Унадаг дугуйтай Улаанбаатар” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсон юм. Хэлэлцүүлэг энэ сарын 28-ны өдөр 09:00 цагт Монголын Залуучуудын Холбооны хурлын танхимд болох бөгөөд хэлэлцүүлэгт МЗХ, Эдийн засгийн хөгжлийн яам, Гудамж төсөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөлтийн газар, Замын Цагдаагийн газар, Нийслэлийн авто замын газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, ШУТИС-ийн Механик Инженерийн Сургууль, ШУТИС-ийн Барилга Инженер Архитектурын Сургууль, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөлтийн Газрын дэргэдэх "Нью Имидж" клуб, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо, Монголын авто замчин залуучуудын холбоо, Залуу дугуйчин клуб, дүүргүүдийн ЗДТГ-ууд, Хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцох юм байна.


















