Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ажлын уулзалт хийжээ
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн болон гишүүд долоо хоног тутам ажлын уулзалт хийдэг уламжлал тогтоод байна. Энэ долоо хоногийн уулзалтаар ямар сэдэв хэлэлцсэн талаар ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга О.Очиржаваас тодрууллаа.
Мэдээллийн алба

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн болон гишүүд долоо хоног тутам ажлын уулзалт хийдэг уламжлал тогтоод байна. Энэ долоо хоногийн уулзалтаар ямар сэдэв хэлэлцсэн талаар ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга О.Очиржаваас тодрууллаа. Тэрбээр “Ажлын уулзалтын эхэнд улс орны санхүү, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын товч мэдээллийг сонслоо.
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн үйл ажиллагааны талаар Засгийн газрын Шадар сайд, Байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга Д.Тэрбишдагва, Улаанбаатар хотын орон сууцны барилга, байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэх байдалд хийсэн үнэлгээ, паспортжуулах ажлын дүн, цаашдын зорилтын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар танилцуулав. Мөн “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийн явцын талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа мэдээлэл хийсэн” гэсэн юм.


















