Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах ажлыг яаравчлахыг хүслээ
Өчигдөр Эрүүл мэнд, спортын яаманд “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” төслийн хэрэгжүүлэгч хоёр тал уулзалт зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Өчигдөр Эрүүл мэнд, спортын яаманд “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” төслийн хэрэгжүүлэгч хоёр тал уулзалт зохион байгууллаа. Манай улсын Засгийн газар 2012 онд БНСУ-ын Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан, тус улсын "Экспорт-Импорт" банкны хооронд хийсэн зээлийн гэрээний дагуу “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч өнөөг хүртэл төслийн хэрэгжилт удаашралтай байгаа учраас анхаарлаа хандуулж ажиллахыг банкны Эдийн засаг хамтын ажиллагааны газрын дарга уулзалтынхаа үеэр холбогдох албаныхнаас хүссэн юм.
Үүнд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төслийн ажлын хэрэгжилтийг хурдасгах асуудлаар шат дараатай арга хэмжээг авч ажиллаж байна. Бид ирэх гуравдугаар сард тус төвийн барилгын шавыг тавихаар төлөвлөж байгаа. Цаашид энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд нягт хамтран ажиллана” гэх хариултыг өглөө.


















