Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Ботаникийн бичил цэцэрлэг” нээлтээ хийлээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Ботаникийн бичил цэцэрлэг” байгуулсан төслийн нээлт өнөөдөр боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Ботаникийн бичил цэцэрлэг” нээлтээ хийлээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Ботаникийн бичил цэцэрлэг” нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Ботаникийн бичил цэцэрлэг” байгуулсан төслийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, БНХАУ-ын Төрийн ойн газрын орлогч дарга Li Shuming, “Ази, Номхон далайн ойн тогтвортой менежмент, нөхөн сэргээх сүлжээ” ОУТТБ-ын дэд дарга Lu De, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуул, Байгаль орчны консорциум ТББ-ын захирал Бадарч нар оролцов.

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Өнгөрсөн оны долдугаар сард манай улсад болсон Төв Азийн ойн стратеги ба хамтын ажиллагааны бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалтын Ази номхон далайн бүс нутгийн ойн тогтвортой менежмент, нөхөн сэргээх, Монгол, Хятад болон Төв Азийн орнуудын ойн нөөцийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал болон цаашдын чиг хандлагыг хэлэлцсэн нь бидний хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан чухал арга хэмжээ болсон. Хамтын ажиллагааны бодит жишээ болсон ажлын нэгээхэн хэсэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1.4 сая.ам.долларын санхүүжилтээр хийгдсэн 8.4 га талбай бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр нээлтээ хийж байна” гэлээ.

Төслийн хүрээнд 8,4 га газарт зам талбайн хучилтын ажил, гэрэлтүүлэг, усан сан, хашлага, чулуун баримал, чулуун тохижилт, явган болон дугуйн зам зэрэг барилга, тохижилтын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэжээ. Ийнхүү бичил цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийснээр Улаанбаатар хотын иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар нэгээр нэмэгдэж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсгийн 8.4 га талбайд “ботаникийн бичил цэцэрлэг байгуулах" төслийг БОАЖЯ, БНХАУ-ын ойн агентлаг, Ази, номхон далайн ойн тогтвортой менежмент, нөхөн сэргээх байгууллага(APFNeT), Монголын Байгаль Орчны Консорциум төрийн бус байгууллага хамтран боловсруулж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлжээ.

Ботаникийн бичил цэцэрлэг байгуулсанаар нийслэл хотын цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг өргөжүүлж хот орчмын газрын цөлжилтийг бууруулах, нийслэлийн хотын иргэдэд амралт цэнгээний тав тухтай орчинг бүрдүүлэх боломж нээгдэж байгаа бол олон улсад 2020 он гэхэд бүс нутгийн ойгоор бүрхэгдсэн талбайг дор хаяж 20 сая га хүргэж нэмэгдүүлэх гэсэн олон улсын зорилтыг амжилттай хэрэгжүүлэх үндэс тавигдсан зэрэг олон ач холбогдолтойг албаныхан онцолж байв. "Ази Номхон далайн ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээ" олон улсын төрийн бус байгууллага 2007 онд Австралийн Сидней хотноо болсон АПЕК-ийн 15 дугаар чуулга уулзалтын үеэр Хятад улс санал болгож Австрали, Америкийн нэгдсэн улсууд ивээн тэтгэж бүс нутгийн Эрчим хүчний аюулгүй байдал, цэвэр хөгжлийг дэмжих, ойн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг сайжруулах, боловсронгуй болгох зорилгоор 2008 онд байгуулагдсан, ашгийн бус олон улсын байгууллага юм.

Хуваалцах