Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хууль батлагдсан гэв
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Г.Батхүү нар өнөөдөр “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хууль батлагдсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ.
Мэдээллийн алба

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Г.Батхүү нар өнөөдөр “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хууль батлагдсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэвлэлийн бага хурлын үеэр “Төрөөс Аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд бодит алхмуудыг хэрэгжүүлэн “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг УИХ баталлаа. Хуулийн зорилт нь өрсөлдөх чадвартай, үнэ цэнэ шингэсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний экспортын чиг баримжаатай, импортыг орлох үйлдвэрлэлийг төрөөс дэмжин хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдсэн юм гэв.
Тэрбээр энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр төр үйлдвэрлэлийг дараах хэлбэрээр дэмжинэ гэв. Тухайлбал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортод гаргаж байгаа үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгөд арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн зөрүүг улсаас олгох; Өндөр үр ашиг бүхий дэвшилтэд технологи болон өндөр технологи бий болгон нэвтрүүлж нутагшуулсан экспортын үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс тухайн үйлдвэрт буцааж олгох. Мөн эдгээр дэмжлэгийг санхүүжүүлэх зорилгоор “Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан”-г байгуулан ажиллуулна гэдгийг УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат онцоллоо.
Түүнчлэн уг хуультай холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай дагалдах хуулиудад чухал өөрчлөлтүүд орж байгаа гэсэн юм.


















