Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Үндэсний зөвлөлдөх уулзалт болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар “Том төрөөс ухаалаг төр лүү” сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд 14 цагт эхэлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Үндэсний зөвлөлдөх уулзалт  болж байна
Үндэсний зөвлөлдөх уулзалт болж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар “Том төрөөс ухаалаг төр лүү” сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд 14 цагт эхэлсэн. Тус уулзалтад УИХ-ын гишүүдээс гадна, эрдэмтэн, судлаачид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, орон нутгийн төлөөлөл зэрэг нийт 800 гаруй хүн оролцож байна.

Төрийн ордонд Ерөнхийлөгчийн санаачлагаар “Том төрөөс ухаалаг төр лүү” сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзалт болж байна. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илтгэл тавьлаа.

Тэрээр илтгэлийнхээ хүрээнд “Ухаалаг төр бол нэг том хаалганы цаана олон хүн суух биш, цахимжсан сүлжээ, технологийн дэвшлийг сайн ашиглаж байхыг хэлж байгаа юм. Нэг жишээ хэлэхэд бид өнгөрсөн сонгуулийг хүмүүсийн хэлдгээр “хар машин”-аар хийсэн. Маш амжилттай явагдсан гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл сонгуулийн дараа ямар нэгэн будлиантай гэсэн асуудал үүсээгүй. Киргизстаны Ерөнхийлөгч хүртэл надтай уулзах үеэрээ Монгол Улсын сонгууль их тайван, шударга явагдлаа гэж хэлж байсан. Тэгэхээр ухаалаг төрийг бүтээхийн тулд хар зургаар биш, технологийн дэвшлээр бүтээх хэрэгтэй” гэв.

Мөн тэрбээр илтгэлийнхээ хүрээнд Төрийн байгууллагад гарч буй хүнд суртлын талаар болон Монгол Улсын тээвэр, хүн амын дундаж наслалт зэрэг асуудлыг бусад улстай харьцуулсан судалгааг танилцууллаа. Илтгэлийнхээ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яаралтай хийх ажлыг танилцуулах явцын хүрээнд дараах гурван чухал асуултыг тодорхойлов.

Нэг. Хэрэгтэй юу? /Энэ их яам, агентлаг, газар, хэлтэс, алба, хэсэг...?, энэ их дарга, албан тушаалтан, зөвлөх, референт, мэргэжилтэн, шинжээч?, энэ их байшин, машин, эд хөрөнгө, үйлчилгээ, зардал...?/

Хоёр. Ёстой юу? /Энэ ажлыг заавал төр хийх ёстой юу?/

Гурав. Яагаад? /Энэ ажлыг яагаад бусдаа хийлгэж, гэрээгээр гүйцэтгүүлж, шилжүүлж болохгүй гэж? /мэргэжилтэн байгууллага, олон нийт, ААН, орон нутаг, иргэд/ гэсэн энэхүү гурван асуултыг Ерөнхийлөгч одоо болох салбар хуралдаануудад анхаарч ярилцах үүргийг өглөө.

Тус зөвлөлдөх уулзалт таван салбар хуралдаанаар үргэлжилж байгаа бөгөөд Шийдвэр гаргагчдын салбар хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар, Бизнес эрхлэгчдийн салбар хуралдааныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар, Орон нутгийн төлөөллийн салбар хуралдааныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Э.Бат-Үүл, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нар, Эрдэмтэн судлаачдын төлөөллийн салбар хуралдааныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, МУИС-ийн ректор А.Галтбаяр нар, Хэвлэл, мэдээллийн төлөөлөл оролцох салбар хуралдааныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Ч.Сайханбилэг, МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид нар тус тус удирдан явуулах юм. Дээрх таван салбар хуралдаан Төрийн ордонд хаалттай үргэлжлэх бөгөөд 17 цагаас нэгдсэн хуралдаан эхэлжсалбар хуралдаануудаас гарсан санал зөвлөмжүүдийг төлөөлөгчдөд танилцуулах, санал солилцох үйл ажиллагаа явагдана.

“Том төрөөс ухаалаг төр лүү” сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзалт 19 цаг хүртэл үргэлжилж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хаалж үг хэлснээр өндөрлөнө.

Хуваалцах