Үндэсний зөвлөлийн ээлжит хурал болов
Монголын үндсэний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан энэ сарын 13-нд боллоо. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.
Мэдээллийн алба

Монголын үндсэний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан энэ сарын 13-нд боллоо. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.
ОЛИМПЫН ИХ НААДМЫГ ОЛОН НИЙТЭД ҮЗҮҮЛЭХ ҮҮ?
Үндэсний зөвлөл энэ удаагийн ээлжит хуралдааныхаа эхэнд 2016 онд Бразилийн Рио Де Жанеро хотод болох зуны 31 дүгээр олимпийн наадмыг МҮОНРТ-ээр шууд дамжуулах эрхийн төлбөр болох 1 сая ам.долларыг хэрхэн төлөх арга замыг хэлэлцлээ. Монголын газар нутагт Олимп дамжуулах эрхийг Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/ Монгол дахь өөрийн гишүүн телевизүүддээ 800 000 ам.доллараар зарах гэрээг түрүү жилийн Ерөнхий ассамблейн үеэр тохирч, гэрээ энэ оны эхэнд зурагдсан. Дамжуулах эрхийн энэхүү төлбөр дээр текникийн хөлс 200 мянган ам.доллар, бүгд нийлээд 1 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 2 тэрбум 100 сая төгрөгөөр зөвхөн дамжуулах эрхийг нь олж авах юм.
Үүн дээр нэмээд Монголын телевизийн сурвалжлах багийнхан өөрийн орноос оролцож буй баг тамирчдаа сурвалжлахаар явдаг. Бразил улс хол учир телевизүүд өөрсдийн сурвалжлах багаа явуулахад бараг тус бүр 100 гаруй сая төгрөг зарцуулахаар байна. Иймээс энэ удаагийн олимпийг дамжуулахад телевизүүдэд санхүүгийн нэлээд их ачаалал ирэхээр байгаа тул бүгд хамтраад дамжуулъя, төлбөрөө мөн хувааж төлье гэдэг саналыг МҮОНРТ-ийн удирдлагуудын зүгээс ABU-гийн гишүүн Монголын бүх телевизүүдэд тавьж, өнгөрөгч хугацаанд нийт гурван удаагийн уулзалтыг хийсэн билээ. Ингээд 2015 оны есдүгээр сарын 28 гэхэд хамтрахыг хүссэн телевизүүд Олимп дамжуулах эрхийн 2015 онд төлөх төлбөрийн өөрт оногдох хувийг төлснөөр цаашид бодитойгоор хамтран ажиллах шийдэлд хүрсэн боловч, эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан нэг ч телевиз төлбөрөөс төлөлцөөгүй бөгөөд, үүгээрээ цаашид хамтрахгүйгээ мэдэгдээд байна. Ингэснээр Монголын нийт телевизүүдийг төлөөлж МҮОНРТ уг гэрээнд гарын үсэг зурсны хувьд эрхийн төлбөрийг дангаараа хариуцан төлөх үүрэгтэй болж байгаа юм.
МҮОНРТ нь өөрийн сурвалжлах багаа Олимпын наадамд явуулж сурвалжлах бүх зардлыг өөрийн орлогоороо хариуцахаар төлөвлөж байгаа ч, дамжуулах эрхийн төлбөр болох 2 тэрбум гаруй төгрөгийг дангаараа төлөх ямар ч боломжгүй юм. Иймд Үндэсний зөвлөлд хандан энэхүү төлбөрийг 2016 оны улсын төсөвт суулгах асуудлаар дорвитой алхам хийхийг хүсч, арга замыг хэлэлцлээ. Ингээд Монгол Улс оюуны эрхийг дээдэлж, Үндэсний ганц радио телевизээрээ Олимпын их наадмыг олон нийтэд үзүүлэхийн чухлыг ойлгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт хандан ил захидал илгээх, улмаар цаг аван уулзаж, асуудлыг ойлгуулах ажлыг Үндэсний зөвлөлөөс хариуцан хийхээр шийдвэрлэлээ.
ХЭРЭГЛЭГДЭХГҮЙ БОЛСОН ТАЙЗНУУДЫГ АКТЛАЖ, ДАХИН АШИГЛАНА
Мөн хурлаар Тайзны эд хөрөнгө, ажиллахгүй болсон токарийн машин актлах шийдвэрийг гаргалаа. МҮОНРТ-д тайзны агуулахад багтахаа байж, гадна хашаанд олон жил хураасан маш олон төрлийн тайзны хог хөглөрч байдаг. Үүнийг цэгцлэх үүднээс Тайз чимэглэлийг цэгцэлж бүртгэх үүрэгтэй ажлын хэсгийг 2015 оны гуравдугаар сарын 4-нд Ерөнхий захирлын 126 тоот тушаалаар байгуулж ажиллуулжээ. Ажлын хэсгийн дүгнэлтээс харахад хашаанд ил хураалттай байгаа ихэнх тайз нь 1980-2010 оны бүртгэлтэй тайз, жижиг хэрэглэлүүд байгаа нь тогтоогдсон байна. Мөн дотор агуулахад байгаа тайзнуудаас 2010 оноос хойших зарим нь нэвтрүүлэг нь хийгдээд дууссан, эсвэл зогссон, шаардлага хангахгүй болсон, эвдэрч хэмхэрсэн шалтгаанаар цаашид хэрэглэгдэхгүй болсон байх тул бүхэлд нь актлаж, данснаас хасах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Нийт 257 сая 487 мянган төгрөгний үнэ бүхий 75 тайз, 1 сая 538 мянган төгрөгийн үнэ бүхий 69 нэр төрлийн жижиг хэрэглэл, 1985 оноос эхлэн Инженерийн байгууламжийн албанд ашиглагдаж байсан ч одоо ашиглалтгүй болсон 2 сая 089 мянган төгрөгний үнэ бүхий токорийн машинуудыг тус тус актлах шийдвэр гаргаж, эдгээрийг нэг бүрчлэн ялгаж, дахин ашиглах боломжтой материалуудыг ангилан үнэлж, эргэлтийн хөрөнгөнд бүртгэх даалгаварыг Үндэсний зөвлөлөөс Ерөнхий захиралд даалгалаа.
Ази Номхон Далайн Өргөн Нэвтрүүлгийн Холбооны жил бүр болдог Ерөнхий Чуулганы 2015 оны ээлжит хурлуудад Үндэсний зөвлөлөөс хоёр гишүүнийг томилон оролцуулах шийдвэрийг мөн энэ хуралдаанаас гаргалаа. Өргөн нэвтрүүлгийн салбарт тулгамдаж буй олон талт асуудлыг төрөл бүрийн хуралдаануудаар хэлэлцэн шийдвэрлэдэг уг арга хэмжээ энэ удаа Турк улсын Станбул хотод энэ сарын 24-нөөс 30-ны хооронд болох бөгөөд уран бүтээл талын хурлуудад Үндэсний зөвлөлийн гишүүн Ален Арман, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц. Оюундарь, техникийн талын хурлуудад Үндэсний зөвлөлийн гишүүн Зургаанжингийн Энхболд нарыг тус тус томиллоо.
МҮОНРТ ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХЭЭС ДАРУЙ 9 ЖИЛИЙН ӨМНӨ “ШИЛЭН” БОЛСОН
Энэ удаагийн Үндэсний зөвлөлийн хуралдаан бусад асуудлынхаа хүрээнд Үндэсний зөвлөлийн даргаас өгсөн үүргийн дагуу Ерөнхий захиралаас шилэн данс xөтлөxгүй байгаа туxай шүүмжлэлд бэлдсэн тайлбарыг сонсов. Ерөнхий захирал тайлбартаа Шилэн дансны тухай хуулийн хамрагдах хүрээнд Олон нийтийн өмчит байгууллага ороогүй байгааг цохон тэмдэглэв. Тухайлбал хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт "энэ хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан байгууллага, албан тушаалтан дараахь мэдээллийг тогтмол мэдээлнэ” гэж заасан нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газарт хамаарагдаж байна.
МҮОНРТ нь 2005 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр батлагдсан Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн дагуу зохион байгуулагдсан бөгөөд уг хуулийн 16.1-д "Олон нийтийн радио, телевизийн өмч нь олон нийтийн өмч мөн” хэмээн тов тодорхой зааж өгсөн. Түүгээр ч барахгүй “...олон нийтийн радио, телевизэд үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах төрийн өмчийг олон нийтийн радио, телевизийн өмчлөлд шилжүүлэх харилцааг бие даасан хуулиар зохицуулна” гэж заасны дагуу “Төрийн өмчөөс олон нийтийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” хууль гарч, 2006 онд төрийн өмчийн эд хөрөнгийг ОНРТ-ийн өмчлөлд бүрэн шилжүүлсэн билээ.
ОНРТ-ийн тухай хууль нь бие даасан тусгайлсан хууль бөгөөд уг хуулийн дагуу манай байгууллага шилэн дансны хууль хэрэгжиж эхлэхээс даруй 9 жилийн өмнө “шилэн” болж, хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтын дагуу жил бүр үйл ажиллагааныхаа дэлгэрэнгүй тайлан, аудитаар баталгаажсан санхүүгийн жилийн тайланг өдөр тутмын сонинууд, mnb.mn цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд жил бүр тасралтгүй мэдээлсээр ирсэн. Шилэн дансны хууль энэ жилээс хэрэгжиж эхэлсний дараагаас уг хуулийн үзэл санааг дэмжиж, олон нийтэд үлгэрлэх үүднээс өөрийн бие даасан хуулиар хүлээсэн санхүүгийн тайлангаа олон нийтэд жил бүр мэдээлэхээс гадна өөрийн цахим хуудас болох mnb.mn нүүр хуудасны Шилэн данс цэсэнд сар бүрийн төсвийн гүйцэтгэлийг батлагдсан төсвийн төлөвлөгөөтэй харьцуулсан харьцуулалтыг байршуулж хэвшээд байна. /Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журмын 2 дугаар хавсралт/
Гэтэл шүүмжлэгчдийн зүгээс манай байгууллагыг шилэн дансны хуулийн 3.1.4-т хамаарна гэж үзэж байгаа ч, уг заалт нь “...улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага”-д хамаарах бөгөөд уг хууль батлагдан хэрэгжиж эхэлснээс хойш МҮОНРТ нь улсын төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлээгүй байна. Хуулийн 3.1.4 болон 6.9-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журмын 6.1 заалтын дагуу мэдээлэх үүрэг хүлээнэ.
2015 оны наймдугаар сарын байдлаар ОНТелевизийн хоёр суваг, ОНРадиогийн дөрвөн суваг, цахим хуудас болон дэмжих салбарт нийт 691 ажилтан ажиллаж байгаа бөгөөд нэг ажилтны нэг сарын үндсэн цалин дунджаар 600,000 төгрөг болно. Байгууллагын хэмжээнд цалингийн санд жилдээ 6 тэрбум 861 мянган төгрөгийг зарцуулж байна. Үүнд ажил олгогчоос төлөх НДШ ороогүй болно. Гэтэл 2015 онд улсын төсвөөс олгогдох дэмжлэг 4 тэрбум төгрөг болж өмнөх оныхоос 48 хувиар буурсан нь одоогийн цалингийн санг ч бүрэн бүрдүүлж чадахгүй байгаа юм. 2015 онд батлагдсан улсын төсвийн дэмжлэг нь байгууллагын жилийн цалингийн сангийн 59 хувьтай тэнцэхүйц хэмжээтэй байна.
Ийнхүү бид ОНРТ-ийн тухай хуульд зааснаар төрөөс санхүү, эдийн засгийн зохих дэмжлэгийг авч, олон нийтийн радио, телевизийн зорилго, үндсэн үйл ажиллагааны зарчмын дагуу нэвтрүүлгийн хөтөлбөрийн бодлогыг шинэчлэн үзэгч сонсогчдод хүргэж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг олон нийтэд ил тод мэдээлэн ажиллаж байгагаа Ерөнхий захирал дэлгэрэнгүй танилцууллаа.
Үндэсний зөвлөлийн энэ удаагийн хуралдаан Ерөнxий заxиралтай xийсэн xөдөлмөрийн гэрээний 4.2.2-т “Төлөвлөгөөт ажлын болон санxүүгийн тайланг xагас жил тутам гаргаж Үндэсний Зөвлөлд тайлагнаx” үүргийнх нь дагуу Ерөнхий захирлын 2015 оны эхний xагас жилийн тайланг сонссоноор өндөрлөлөө.


















