Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Үндсэн хууль бол түр зуурын хөтөлбөр биш

”Монгол Улс дахь Үндсэн хуульт ёсны төлөвшил, үндсэн хууль дахь парламентын эрх мэдэл” хүндэтгэлийн лекц Төрийн ордонд боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Үндсэн хууль бол түр зуурын хөтөлбөр биш
Үндсэн хууль бол түр зуурын хөтөлбөр биш. Зураг: МҮОНРТ

”Монгол Улс дахь Үндсэн хуульт ёсны төлөвшил, үндсэн хууль дахь парламентын эрх мэдэл” хүндэтгэлийн лекц Төрийн ордонд боллоо. Энэхүү хүндэтгэлийн лекцийг хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан тавьсан юм.

Аливаа улс орны Үндсэн хууль бол холыг харсан, хүртээмжтэй шинж чанарыг агуулдаг. 1992 оны шинэ үндсэн хууль бол ард түмний дээд хүчин чадалтай зөвшилцлийн баримт бичиг гэдгийг доктор, профессор Д.Лүндээжанцан лекцэндээ онцолсон. Төр өөртөө бус ард түмэндээ үйлчлэх тэр механизмыг Үндсэн хуульд суулгаж өгсөн. Парламентын засаглалтай гээд бүх эрх мэдлийг бөөгнөрүүлэх бус, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг зөв болгох. Парламент, Засгийн газрын хоорондох хяналт тэнцлийг хангах, зөвшилцлийн ардчиллыг улс төр шаардаж байгаа. Одоогийн парламентын хууль хэлэлцдэг процедурыг сайжруулахын тулд давхар дээлийг тайлах гээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрэлт шаардлага бий болсон. Гэхдээ эцэг хуулийн дархлааг зайлшгүй гол шалгуур болгох учиртайг хэлж байна.

Өнөөдөр Үндсэн хуулийг өөрчлөх хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Засаглалын өмнө нүүр тулсан зарим бэрхшээлийг давахын тулд тогтолцоогоо сайжруулах учиртайг судлаачид хэлдэг. Гэхдээ шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш 1999 оны сүүлээр долоон өөрчлөлт хийсэн нь өнөөг хүртэл шүүмжлэл дагуулдаг юм. Өөрчлөгдөхгүй хууль гэж үгүй. Гэхдээ Үндсэн хууль бол түр зуурын хөтөлбөр бус. Нийгмийн яс булчин бүхий л зүйлийг зангидсан эд, эс учраас буруу хөндвөл шархлаа үүсэх аюултай. Үндсэн хууль бол үндэснийхээ оюуны чадамжид түшиглэн, уламжлал шинэчлэлийн жам ёсыг тусгасан бүхий л ард түмний өөрсдийнх нь бүтээл юм гэдгийг Үндсэн хуулийн эхийг баригч, Гавьяат хуульч Б.Чимэд агсан хэлжээ. Тиймээс ч Үндсэн хуулийн утга агуулга, өнөөгийн сорилт хүндрэлийг даван сайжруулах боломж, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг хэрхэн нутагшуулах асуудлаар доктор, профессор Д.Лүндээжанцан ”Монгол Улс дахь Үндсэн хуульт ёсны төлөвшил, үндсэн хууль дахь парламентын эрх мэдэл” хүндэтгэлийн лекцийг Төрийн ордонд уншлаа. Хууль зүйн салбарынхан болоод судлаач эрдэмтэд, оюутан залуус гээд 800 орчим хүн энэхүү арга хэмжээнд оролцжээ.

Хуваалцах