Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулав
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намуудын дарга, удирдлагууд, судлаачид, иргэний нийгмийн төлөөллүүд оролцсон “Үндэсний зөвшилцөл” уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр (2017.05.16) Төрийн ордонд боллоо.
Мэдээллийн алба

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намуудын дарга, удирдлагууд, судлаачид, иргэний нийгмийн төлөөллүүд оролцсон “Үндэсний зөвшилцөл” уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр (2017.05.16) Төрийн ордонд боллоо. Улсын Их Хурлын дарга, МАН-ын дарга М.Энхболд хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн юм.
Үүний дараагаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын дүнг Зөвлөлдөх зөвлөл хэлэлцээд ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан мэдээлэл хийж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалын талаар танилцуулсан юм.
Монгол Улсын шинэ Үндсэн хуульд батлагдсанаас хойших 25 жилийн хугацаанд Улсын Их Хурал 2000 онд нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд уг өөрчлөлтийн талаар иргэд, олон нийтээр хэлэлцүүлээгүй, улс төрийн явцуу хүрээнд шийдвэрлэгдсэн төдийгүй засаглалын хямралыг гүйнзгийрүүлсэн гэх зэрэг шүүмжлэл дагуулж, “дордуулсан долоон өөрчлөлт” хэмээн нэрийдсээр ирсэн. Түүнээс хойш Үндсэн хуульд тодорхой асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүдээс 2000, 2001, 2012, 2015 онуудад өргөн мэдүүлж байсан билээ.
Улмаар Улсын Их Хурал 2016 оны намрын ээлжит чуулганаараа Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталсан. Энэ хуульд зааснаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.3-т заасан асуудлыг, өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг тодорхойлоход зөвлөлдөх санал асуулга явуулахаар хуульчилсан. Энэ үндсэн дээр тодорхой судалгаа, шинжилгээ хийгдэж, анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг орон даяар хоёр үе шаттай зохион байгуулж, холбогдох үр дүнгийн тайлан, зөвлөмж гаргасны дагуу Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулсан талаар Д.Лүндээжанцан гишүүн танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай уулийн төслийг Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, улс төрийн бүх намд хүргүүлсэн. Одоогоор Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл төслийн талаарх саналаа ирүүлээд байна. Нийгмийн бүх талын төлөөллүүдийн саналыг авч төсөлд нэгтгэн тусгаж эцэслэн боловсруулсны дараа Улсын Их Хуралд өргөн барих чиглэлээр ажиллана. Эцэст нь ард нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж байгаа. Зөвшилцөл үр дүнтэй болж, төсөл ард нийтийн санал асуулгаар дэмжигдвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө гэж төлөвлөж байгаа гэдгийг Ажлын хэсгийн ахлагч хэллээ.
Дараа нь уулзалт хэлэлцүүлэгт оролцсон улс төрийн намуудын дарга, удирдлагууд, судлаачид Монгол Улсын Үндсэн хуудьд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлага, Ажлын хэсгээс боловсруулсан хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан санал хэлж байр сууриа илэрхийлсэн юм.
Эцэст нь Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Үндэсний зөвшилцөл” уулзалт хэлэлцүүлгийг хааж үг хэлэв. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг аль нэг улс төрийн нам, хэн нэг албан тушаалтны эрх ашигт захируулж хийх ёсгүй. Иймээс энэ асуудалд ихээхэн ултай суурьтай хандаж, олон удаагийн уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж, гарсан санал бодлыг анхаарч судлах болно гэдгийг онцоллоо.


















