Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэлээ

Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэлээ
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцсэн.

Үндсэн хуулийн цэц 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэсний “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нар тус тус танилцууллаа.

Ингээд байнгын хорооны Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн 60 хувийн саналаар дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын холбогдох хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасны “...бусад төрийн албан хаагч...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг зөрчсөн гэж үзсэн юм.

Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нар тус тус танилцуулав.

Уг асуудлаар Улсын Их Хурал дахь намын бүлгийг төлөөлж тус бүр нэг гишүүн үг хэлсэн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураахад гишүүдийн 84.4 хувь нь уг саналыг дэмжлээ.

Хуваалцах