Өнгөрсөн дайны тухай өчих өвст талын “суурингууд”
Халхын гол. Ус нь хилэгнэж эргээ даван догширч, уул толгод нь утаанд умбан манарсан, уршигт дайны наргүй өдрүүд ар араасаа хөврөөд, улсын хил дээр саргүй шөнүүд ноёрхож асан 1939 оны наймдугаар сараас хойш энэ газар, энэ гол 80 удаа цасан нөмрөг, мөсөн баринтгаар хучигджээ.
Мэдээллийн алба

Халхын гол. Ус нь хилэгнэж эргээ даван догширч, уул толгод нь утаанд умбан манарсан, уршигт дайны наргүй өдрүүд ар араасаа хөврөөд, улсын хил дээр саргүй шөнүүд ноёрхож асан 1939 оны наймдугаар сараас хойш энэ газар, энэ гол 80 удаа цасан нөмрөг, мөсөн баринтгаар хучигджээ. Өөрөөр хэлбэл гэнэт ассан дайны гал мөн л хэсэгхэн хугацааны дараа гэнэт зогссоноос хойш 80 жил өнгөрчээ гэсэн үг л дээ. Гэхдээ энэ бүхний талаар хүүрнэх хүмүүсийн тоо цөөрсөн ч, үйл явдлыг гэрчлэх эх орны маань газар шорооны эдгээгүй шарх, хөшөө дурсгал Дорнын тал нутагт олноороо одоог хүртэл хадгалагдан байна. Аргагүй ээ, ХI зууны хавьцаа харьяалагддаг Хэрлэн барс хотын цамхгаас авахуулаад 80 байтугай 800 жилийн өмнөх үеийг өгүүлэх буурь, туурь энэ нутагт хаа сайгүй бий.
Энэ бүгдийн тухай үл өгүүлэн Халх голын дайны 80 жилийн ойг энэ оны наймдугаар сард ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж буйтай холбогдуулан Оросын Батлан хамгаалах яамны харьяа “Звезда” телевиз, МҮОНРТ, Хил хамгаалах байгууллагын хамтарсан төслийн хүрээнд баримтат кино хийх багийн бүрэлдэхүүнд хилчдээ төлөөлөн оролцох болсондоо туйлын баяртай байлаа.

Угаасаа л уран бүтээлчид болохоор тэд учир зүйгээ маш амархан олцгоож, монголчууд нь хаана хаана, ямар зураг авах, оросууд маань энэ зуур ийм тийм хүнтэй уулзана гэдгээ хэлээд энэ бүгдийг хоёр өдрийн дотор амжуулан, хөдөө тийш хөлгийн жолоо залахаар боллоо. Мөн тэдний хүсэлтийн дагуу ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн, Захиргааны удирдлага хариуцсан дэд дарга, хурандаа Н.Ганболд нар хүлээн авч уулзан, нэлээд чөлөөтэй хөөрөлдсөний дээр уг баримтат кинондоо Халхын голд онцгой үүрэг гүйцэтгэсэн Зөвлөлтийн 502 хүнтэй тусгай батальон, түүний командлагч хошууч Андрей Евстафьевич Булыгагийн байгуулсан гавьяаны талаар түлхүүхэн оруулж өгөхийг хичээгээрэй хэмээн хүссэн юм.


Тэр хүсэлтийг ч ёсоор болгон, Хилийн 0198 дугаар ангийн хилийн хэсэгт зураг авалт хийсэн бөгөөд энэ үеэр малтлагын ажилтай байсан Эрхүүгийн И.Сеченов хэсэг залуустай ирчихсэн байсан тул тэдний хувьд “орос цэргүүдээр” гачигдсангүй.
Ингэхэд дайн яг хэзээ эхэлсэн бэ гэхээр 1939 тавдугаар сарын 8-нд эхэлж есдүгээр сарын 16-нд дууссан гэсэн албаны ёсны сар, өдөр бий. Гэхдээ Зөвлөлтийн нэгэн түүхчийн номонд бичсэнээр бол Зөвлөлт-Японы дайны гол байлдаан Халхын голд болсон хэмээн тэмдэглэсэн байдаг юм. Мэдээжийн хэрэг юу юугүй цэрэг зэвсэг нь орж ирээд, бие биенээ алж хядаад эхэлсэн өдөр гэвэл яг таг сар, өдөр заах боломжтой байж таарна. Харин өргөн агуулгаар нь харвал дайн нэлээд эртнээс эхэлсэн байдаг шүү дээ. Манай нэрт найрагч Д.Пүрэвдорж агсны “Хар цас” найраглалд л гэхэд,
“...Тэр цагт, манай нутаг
Тэнгэр цэлмэг нартай байсан ч
Амьтны царайг шөнийн үүл шиг
Алсын дайны сүүдэр дарсан юм...
...Хар дайн харагдахгүй мөртлөө
Харандаа цаас гараас булааж
Шилэн савтай бэх хуурайлж
Ширээн дээрээс дэвтэр хураалаа...” хэмээн өгүүлсэнчлэн бидний хувьд л гэхэд дайн тун эртнээс эхэлснийг энд дурдах нь илүүц биз ээ.
Манай хилчдийн хувьд л гэхэд Халх голын дайн нэлээд эртнээс буюу 1932 он хавьцаанаас эхэлсэн гээд хэлчхэд нэг их буруудахгүй байх. Цаг хатуу, боломж хомс тэдгээр он жилүүдэд хилчид эх нутгийнхаа газар шороо, уул усны төлөө халуун амиа огтхон ч үл хайхран тэмцэж, харийн хар санаатнуудын хөлийг эх нутгийнхаа хөрсөн дээр алхам ч гишгүүлээгүй ирсэн юм шүү дээ. Тиймээс ч зөвхөн энэ отрядын хилчдээс Монгол Улсын таван баатар төржээ.
Ер нь Халх голыг дэлхийн улс төрийн газрын зураг дээр тодоор зурж эхэлсэн үеэс энэ дайн эхтэй хэмээн бас үзэж болно. Нутаг булаацалдсан Ази, Европ хоёр яриан дундаа “Монгол Улс. Халхын гол” гэсэн үг хавчуулж, аз сорьсон үхлийн “хөзөр” тоглохоор зэхэж байх үеэс энэ дайн эхэлсэн гэх байна. Тэдний хувьд бидний улс зоогийн ширээн дээр тавьсан амтат бялууны хэсэг байлаа гэхэд болно.
Ингэхэд “Оросууд дайныг хүссэн гэж үү?” хэмээсэн нэгэн алдартай дуу бий. Манайхан ч бас энэ дууг ихээхэн цангинуулдаг байсан даа. Үнэхээр оросууд дайныг хүсч байсан эсэхийг түүх, түүхчид шүүх биз. Миний хувьд “Оросууд дайныг хүсээгүй” гэсэн ойлголттой л явдаг хүний нэг. Тэдний түүхээс харвал 1812 онд Орос Франц руу, 1941 онд Орос Герман руу эхэлж довтолсон тухай үзээд өгье гэсэн ч үг, үсэг байхгүйг бид сайн мэднэ. Гэтэл зарим нэг нийтлэлч Оросууд л дайныг хүсч ирсэн мэт бичсэн байх нь бий.
Гэхдээ Оросууд дайныг хүсээгүй ч түүнд бэлтгэж байсан нь үнэн. Фашизмын хүрэн тахал Европын ихэнх орныг нөмрөөд, Зүүн өмнөд Азийн олон орныг Японы милитаристууд өвдөг доороо нухаж байсан үед Орос дайнд бэлтгэхгүй гээд яах юм. Тэд ямартай ч Халх голын дайнд ч бэлтгэсэн. 1905 оныг мартаагүй байсан япончууд нэгэн цагт Монголыг эзлээд, Сибирийн хэмжээний өргөн фронтоор Оросын эсрэг дайтах нь тун ойлгомжтой байсан учир тэднийг толгой өндийлгөсөн газар нь буюу Халхын голд л нугаслаад авъя гэсэн бодол агуулж байсныг хэн үгүйсгэх юм. Тиймээс л бэлтгэлээ нэлээд эртнээс хангаж эхэлсэн бололтой байдаг.
Юуны өмнө харилцан туслалцах гэрээ байгуулсан. Дараа нь цэргээ оруулав. Хэнтийд 57 дугаар корпус байрлаж, хөдлөх дохио хүлээн бэлэн зогсч байлаа. Дараа нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг Талын хөндлөнд байлдааны нисэх онгоцны маш том буудал байгуулагдав. Энэ бол 1936 он байлаа. Чухамхүү хоёр жилийн дараа эндээс хөөрсөн бөмбөгдөгч онгоцууд 350 гаруй километр агаарын замыг туулан Буйр нуурын орчим болон Халхын гол хүрч дайсныхаа толгой дээр тэсрэх бөмбөгөө мултлаад эргэж ирдэг байжээ. Харин Талын хөндлөн рүү дайны явцад Японы гурван онгоц л нэвтэрч ирсэн бөгөөд тэднийг устгасан байдаг. Одоо ч аль аль суманд унасан болоод тэндээс нисгэгчдийн цаг сэлт олдож байсан тухай ярих ахмадууд Баян-Овоод бий.

Хоёр орны телевизийнхний эхний зорилго нь чухамхүү тус нисэх буудлын буурь туурийг газар дээр нь очиж үзэх байв. Оллоо, очлоо, үзлээ. Ер нь багавтархан аймгийн төвийн хэмжээний суурин байсан бололтой. Нисэгчдийн сууц байсан болов уу гэмээр таван давхар байшин, амь нь тасарсан амьтны араг яс шиг сэрийн, өнгөрсөн бүхний гэрч болон үлджээ. Ер нь энд тэндгүй л байшин савны суурь. Зүүн хамар дээр нь хоёр ч нисгэгчийг ихээхэн хүндэтгэлтэйгээр оршуулж, хөшөө дурсгал босгожээ. Тэдгээрийг орон нутгийн засаг захиргааныхан эргэж тойрч, байнга засч янзалдаг нь тодорхой байсан тул Оросын телевизийнхэн тун их баяртай байлаа. Халхын голын хөшөө дурсгалуудыг ч хараад тун их баярлаж байсан шүү, тэд. Аргагүй л дээ. Европын ихэнх орон орос цэрэгт зориулан босгосон хөшөөнүүдээ оосорлож байгаад танкаар татан нурааж асныг бид ч сайн мэднэ. Харин монголчууд тэгээгүй юм. Халх голын хөшөөнүүдийг л гэхэд манай хилчид жил болгон засч сэлбэн харж хамгаалдаг юм шүү дээ.

Миний бие ингэхэд Баян-Овоо сумаар дайран мөн ч олон удаа зүүн тийш явахдаа тус сумаас 27-хон километрийн наана, замаас зүүн хойш салаад 10 хүрэхгүй километрт Оросын нисэх буудал байсан тухай битгий хэл одоо ч орон суурь нь хэвээрээ байдгийг дуулаа ч үгүй явсан нь миний л арчаагүй, овсгоогүйнх биз. Цэргийн, тэр дундаа сэтгүүлч ухаантай мөртөө энэ талаар огтхон ч төсөөлөлгүй явсандаа ичих шиг болсныг нуугаад яахав.

Алс тэртээ ухаагаар нь цагаан гэрүүд бөмбийж, мал сүрэг ярайсан уудам цэлгэр сайхан хөндий байлаа. худаг дээр адуугаа усалж зогссон залуугаас уг балгасны талаар сураглавал энэ зам хөтлөөд очно оо гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Харин үүх түүхийн нь талаар сонирхож байгаа бол хажууханд нь байгаа өвгөнөөс асуугаарай гээд давхиж одлоо.
Одоо бид балгас болсон байр сууцны үлдэгдлүүдтэй 80 жилийн өмнөх “амьдрал”-ынх нь талаар “ярилцаж” байна. Болоод өнгөрсөн үйл явдлын талаар байшингийн суурь бүхэн нэг зүйл хүүрнэж байлаа. Түүнээс гадна эргэн тойрон нь ухсан нуувч, шуудуу, эвдэрч шатсан машины сэг, ногоон паалантай данх, сэнжтэй хөнгөн цагаан аяга, хугарч хагарсан тогоо шанага, халбага сэрээ, энд тэндгүй зоогдсон цементэн бөмбгүүд (Нисгэгчид эндээ тодорхой цэг дээр цементээр цутгасан бөмбөг хаяж сургууль хийдэг байсан бололтой юм билээ) ээлж дараалан “өгүүлэв”.

Ингэхэд өнгөрсөн түүхийн талаар энэ газар нутаг юу “хүүрнэсэн” гээч. Тэд, “...Би Монгол улсын Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг Талын хөндлөн гэдэг газар байна. Уг нь ус бэлчээр сайтай уужим сайхан хөндий байсан юм. Гэтэл нэг л өдөр хүчит моторын дуу нүргэлж, дайны машинууд байрлах болсон бөгөөд энэ бол 1936 оны зургадугаар сар байлаа. Ирэх дайны угтал болж, Улаан армийн анхны ангиуд ирж байрлан, улмаар байлдааны онгоцны томоохон буудал болж хувирав. Мөн 1938 он гэхэд энэ нисэх буудал үндсэндээ төвхнөж, сөнөөгч онгоцны хорооны цөөн тооны бөмбөгдөгч онгоцнууд бэлтгэл сургуулилтандаа орсон юм” гэлээ.
Түүхийн хуудас сөхвөл 1937 оны аравдугаар сарын 31-ний өдөр Улаан армийн Улстөрийн газрын дарга Смирнов нар “Монголын байлдааны ажиллагааны театрын байдлын тухай болон Монгол дахь түшиц газар бэлтгэх арга хэмжээний тухай” гэсэн маш нууц илтгэх хуудсыг дээд командлалдаа илгээж, түүндээ “... Одоогийн байдлаар Дорнод Монголд байлдааны онгоцны таван нисэх буудал буюу Улаанбаатар, Өндөрхаан, Баян-Овоо сум болон Баянтүмэнд хоёр байна гэж дурдаад, “...Баянтүмэнд буй хоёр нисэх буудал нь хилд 60-70 км ойрхон байрладаг тул япончуудын агаарын гэнэтийн довтолгоонд өртөж, устгагдаж болох талтай...” гэсэн байлаа. Тиймээс болзошгүй дайн үүсч мэдэх Халхын голоос 400 шахам километрийн алсад орших Баян-Овоо дахь энэхүү нисэх буудлыг зүгээр ч нэг байгуулсангүй. Бас түр зуурын үдлээд мордох хэмжээний газар байхаар төлөвлөөгүй бололтой. Зүүн талаасаа дайсны болзошгүй довтолгооноос маш сайн хамгаалагдсан бөгөөд газар доорх төмөр бетон байгууламжид зенитын их буу 48-ыг зоосон 500 орчим хүн бүхий тэр үеийн хамгийн том аэродром, стратегийн чухал объект гэж үзэх үндэстэй байжээ.
Энд “СБ” хэмээх 59 онгоцтой, бөмбөгдөгч онгоцны 100 дугаар бригадын 150 дугаар хороо байрлаж байв. Мөн 1930-аад оны дэлхийн хамгийн том бөмбөгдөгч онгоц ТБ-3 л гэхэд 24 байлаа. Дайны явцад ТБ-3 онгоцнууд эхэндээ Чита-Тамсагбулаг чиглэлээр хүн хүч, зэвсэг, галт хэрэгсэл, эм тариа, бусад чухал ачаа, буцахдаа нэг онгоц 15-20 хүнд, хөнгөн шархдагсад тээвэрлэх үүрэг гүйцэтгэж байсан ажээ. Харин ерөнхий давшилт эхлэхийн өмнө ТБ-3 онгоцнууд шөнийн бөмбөгдөлтөд нисдэг болж, анхны нислэгээ наймдугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө үйлдсэн байдаг.

Тэд зүг чигээ фронтын тэргүүн шугамаас найман километрт гар чийдэнгийн гэрлээр байгуулсан 50 метр урт сумаар газрын баримжаагаа авдаг байжээ. Ийнхүү шөнийн цагаар бөмбөгдсөнөөр дайсанд сэтгэл санааны дарамт үзүүлэх, унтаж амруулахгүй зутраах, манай цэргийн байршил сэлгэлт, хөдөлгөөнийг халхлах зорилготой байсан бөгөөд нэг удаад 6-20 онгоц хөөрч, 25 тонн бөмбөг хаядаг байсан ажээ. Нөгөө талаас япончуудад прожектор байгаагүй тул бөмбөгдөгч онгоцууд санаснаа чөлөөтэй гүйцэтгэдэг байсан гэдэг. Ингээд энэ хороонд штурманаар дайтаж явсан Николай Ганин агсны 2005 онд ярьсан дурсамжийг сонирхуулъя.
“...Миний бие дээд сургуулиа төгсөөд дунд сургуульд түүхийн хичээл заана гэсэн бодолтой байсан ч амьдрал маань нэгэн мөчид эрс эргэн, цэрэгт татагдаж, Байгалийн чанад дахь“СБ” бөмбөгдөгч онгоцны сургалтын хороонд дадлагажигч штурманаар томилогдлоо. Анхандаа бид ингээд л дайнд орчихно гэж огтхон ч төсөөлөөгүй юм.

Н.И.Ганин. 1939 он.
Халхголын дайн 1939 оны тавдугаар сард эхэлж, зургадугаар сарын эхээр хэсэг нисгэгч, штурман, техникч нарыг цэргийн тээврийн онгоцонд суулган Монгол руу илгээлээ. Хил давсан даруйдаа онгоцны цонхоор доош харахад хэмжээ хязгааргүй тал нутаг, намхандуу довцог, толгой, хаа нэгтээ нүүдэлчдийн гэр, мал сүрэг харагдаж байв. Бид Баян-Овоо гэж хэдхэн жижиг шавар байшин, 10-20 гэр бүхий жижиг тосгоны ойролцоо аэродромд газардаж, майханд байрлах болов. Энд бага зэргийн байлдааны туршлага хуримтлуулсан хурдан бөмбөгдөгч онгоцны 150-р хороо байрлаж, хорооны даргаар гайгүй сайн нисгэгч, хошууч Бурмистров, комиссараар Юкин нар ажилладаг байв. Хамгийн түрүүнд “шинэков” биднийг бодит байдалтай танилцуулахад л бид жижиг сөргөлдөөн, хилийн мөргөлдөөн ч биш, жинхэнэ дайнд оролцох болсноо ухаарч билээ. Ингэхдээ командлал байдал маш түгшүүртэй байгааг нуулгүй хэлж, анхандаа япончууд агаарт ноёрхлоо тогтоон, манай ар талд ганц автомашин байтугай ганц хүний араас элдэж бууддаг байсныг хэлсэн юмдаг.
Хорооны бүрэлдэхүүн ирж байрласныхаа даруй шууд байлдааны ажиллагаанд оролцоогүй бөгөөд нэг сарын хугацаанд нислэг-тактикийн сургууль, бүлгээр бөмбөгдөх, газар оронд дасан зохицох дадлагад гол анхаарлаа хандуулж байв.Яагаад гэхээр тал газар ямар нэгэн хот, тосгон, холбоо, зам харилцаа байхгүй, мөн нүд сохолмоор маш хурц нар, бодит байдлыг гажуудуулсан гэрлийн хугарал зэргээс болж зүг чигээ олоход тун төвөгтэй байсан юм. Мөн манай аэродром орчим зургадугаар сард Японы онгоц үзэгдээгүй боловч шөнөд шумуул гэдэг айхтар “дайсан” биднийг хайр найргүй довтолно. Хазуулах л юм бол хавдаж, загатнан гэж тамлах учир унтаж амарч чаддаггүй байв. Гэхдээ хамгийн хэцүү нь ундны усны гачигдал байсан даа. 1939 оны зургадугаар сар маш их халуун бүгчим, агаарын хэм сүүдэрт +40 хүрч, хэдэн арван километрээс зөөвөрлөх ус тэр дороо л дуусна. Нэг удаа хажууд байсан байлдагч, “Суворовын дайчид бүгчим халуунд зэс товчоо тасдан авч, амандаа үмхдэг байсан, ингэснээр маш их шүлс ялгарч, цангаа нь тайлагддаг байсан тухай ярьдаг юм” гэлээ. Тэр үед бидэнд зэс товч байхгүй тул зэс зоос амандаа үнхдэг байв.
Зургадугаар сарын сүүл гэхэд бид газар орон болон бие биедээ дасч, экипажууд үндсэндээ бүрэлдсэн. Манай экипаж гурван хүнтэй. Нисгэгч, буудагч болон миний бие штурманаас бүрдэнэ. Штурманы суудал урд талын шилэн бүхээгт байрладаг, удирдлага хосолсон учраас шаардлагатай үед би даргад онгоц жолоодоход тусалж болох ч, миний үндсэн үүрэг нислэгийн зүгээ чиглүүлэх, бөмбөгдөхөд оршдог байв. Удирдлагын төхөөрөмж, хянах хэрэгсэл, хамгаалах бөгжтэй бөмбөг хаягчийн товчлуураас гадна бүхээгт хоёр хошуутай пулемет суурилуулсан бөгөөд түүгээр агаарын болон газрын бай буудах боломжтой. СБ онгоц 600 кг хүртэл бөмбөг тээвэрлэх, 420 км/цаг хүртэл хурдтай, өндөршил 10000 метр, хэдийгээр цоо шинэ японы сөнөөгч онгоцнууд биднийг гүйцэх боломжтой ч, тэр үедээ хурдтай, сайн онгоц тул бөмбөгдөлтөд бид сөнөөгч онгоцны халхавчтай, харин тагнуулд ганц нэгээр нисдэг байв.

Ингэхэд бид өөрийгөө хамгаалах өндөр хурдтай бууддаг ШКАС 7,62 мм-ийн дөрвөн пулемёттой боловч СБ-ийн ганцхан дутагдал нь радиостанцгүй. Тиймээс бүлгээр нисэхдээ бид далавчаараа дохих, эсвэл урьдаас тохирсон хөдөлгөөнөөр гараар даллах маягаар ам хэлээ ололцоно.
Долдугаар сарын 3-ны үүрээр түгшүүрийн дохио дуугарч, хороо анхны байлдааны даалгавар гүйцэтгэхээр хөөрлөө. Миний хувьд байлдааны анхны даалгавар, тэгээд ч Баянцагааны орчим юу болж байгааг харж, эхэндээ сандарч л байлаа. Дээрээс харахад байлдааны талбар буцалж байгаа тогоо ч юм уу, галт уул дэлбэрч байгаа ч юм шиг, уулын тэгш өндөрлөгөөс дэлбэрсэн сум, дарийн утаа, дүрэлзсэн галаас бүрдсэн томоос том хар үүл мандан босож, шинэхэн бидэнд ёстой там гэж үүнийг л хэлдэг байх гэж өөрийн эрхгүй бодогдсон. Агаарт мөн ширүүн тулалдаан өрнөж, Баянцагааны дээр хэдэн зуун онгоц эргэлдэж, агаарт мөргөлдөхгүйгээр эргэх боломжгүй шахуу, хашаа ч харсан пулемётын сумны трасс, манай болон японы сөнөсөн онгоцны утаат мөр энд тэндгүй харагдсаар. Хошууч Бурмистров хорооны ихэнх онгоцыг шууд япончуудын гүүр лүү чиглүүлж, устгаснаар Японы командлал түшиц газар луу нэмэлт хүч илгээх болон тэндээс удахгүй ялагдах цэргээ буцаан татаж авах боломжгүй болсон билээ. Харин манай эскадрильд Баянцагааны оройд бүгсэн япончуудын байрлалыг бөмбөгдөх үүрэгтэй дайралт хийхэд Японы сөнөөгч онгоцнууд нарны зүгээс биднийг дээрээс дайрав. Эхлээд яг юу болсныг ч ухаарах сөхөө байсангүй, харин хэсэг хугацааны дараа яав, юу болов гээд дээш харсан чинь Японы ялаа шиг олон онгоц үүлний цаана нуугдаж байгаад наран сөрөг биднийг дайрсан юмсанж. Бид ч тэднийг ойртуулахгүй гэж байдаг бүх зэвсгээрээ халхавч гал нээж байтал манай сөнөөгч онгоцнууд ирж, тэднийг хөөн зайлуулснаар бид үндсэн үүрэг болсон бөмбөгдөлтөө хийв.
Анхны дайралт надад хэзээ ч мартагдашгүй сэтгэгдэл үлдээсэн юмдаг. Урд бүхээгт сууж байхад олон зуун буугаар зөвхөн над руу галлаад байгаа юм шиг санагдаж билээ. Гэхдээ удалгүй энэ бүгдэд дасч, тоохоо больдог юм билээ. Ийнхүү анхны даалгавраа биелүүлээд аэродром дээр буусны дараа маш их ядарсан, цангаснаа мэдэрч, жаахан амарч аваад гурван цагийн дараа дахин Баянцагааны зүг хөөрч, тэр оройдоо Японы нөөц хүчийг бөмбөгдөхөөр бас дахин хөөрсөн. Тэр өдөр манай хэд хэдэн онгоц унаж, харин бид ядарсандаа болоод майхандаа оронгуут Монголын шумуулын дайралтыг эс ажран нам унтаж билээ. Өглөөгүүр мөн түгшүүрийн дохиогоор хөөрч, Баянцагааны тулалдаан дуустал гурав хоног даалгавар биелүүлсэн юм.

Ингэхэд эдүгээ зарим нэгэн их мэдэгч “түүхчид” Жуковыг “маш их хохирлын буруутан” гэж цоллодог. Гэвч япончууд Баянцагааны өндөрлөгийг эзэлж, Халхголын баруун эрэг дээрх манай цэрэг бүслэлтэнд орж, бут цохигдох аюул тулгарсан хамгийн эгзэгтэй мөчид Жуков хамгийн бүх бөмбөгдөгч онгоцыг хөөргөн, дайсныг бөмбөгдөх тушаал өгч, 11-р танкийн бригадыг явган цэргийн дэмжлэггүйгээр шууд давшилтад оруулснаар танкчдын тал нь амь үрэгдсэн ч, тэд өөрийн алтан амиар дайны ялалтын эхийг тавьж өгсөн билээ. Манай хороо ч гэсэн тэр байлдаанд хүнд хохирол хүлээсэн. Даалгавар биелүүлэхээр хөөрсөн комиссар Юкины онгоц зенитын галд өртөхөд комиссар экипажийг шүхрээр буухыг тушааж, шатаж байгаа бөмбөгдөгч онгоцоо Японы амьд хүч, баргын морин цэргийн зүгт залуурдан, түүхэнд анхны “галт дайралт” хийсэн. Бид дайснаас түүнийг өшөөг авах болно гэж андгайлж байлаа.
Наймдугаар сарын дунд үе хүртэл газрын томоохон байлдаан болоогүй ч агаарын ширүүн тулалдаануудын явцад Японы нисэх хүчин агаарт ноёрхлоо бүрэн алдсан юм. Хожим Г.К.Жуков, “...Эх Орны дайны жилүүдэд ч тийм олон тооны онгоц оролцсон тулаан үзээгүй” гэж дурссан байдаг. Наймдугаар сарын 20-нд манай ерөнхий давшилт эхэлж, давшилтын өмнө 150 бөмбөгдөгч онгоц, 100 гаруй сөнөөгч онгоцоор халхавчлуулан хүчтэй цохилт хийж, бид өдөрт 2-3 удаа бөмбөгдөхөөр нисдэг байв. Харин хамгийн хэцүү даалгаварт “өвгөчүүл” нисэж, “шинэковуудыг” үлдээдэг байсан шүү.
Наймдугаар сарын 25-нд хорооны дарга Михаил Федорович Бурмистров Халуун рашааны орчим бөөгнөрсөн дайсны цувааг устгах даалгавраас эргэж ирээгүй юм. Тэрбээр япончуудтай тулалдахдаа тэрээр эр зоригийн үлгэр жишээ үзүүлж, түүний удирдлаган доор хороо даалгаврыг маш сайн биелүүлж байсан бөгөөд байлдааны явцад аймшиггүй агаарын тулаанч гэдгээ нэг бус удаа харуулсан бөгөөд хороог 22 удаа тулалдаанд удирдаж оролцсон.

Михаил Федорович Бурмистров
Агаарын тулаанд баатарлагаар амь үрэгдсэн, Халхголын орчим байлдаанд гавьяа байгуулсны нь төлөө Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан... гэж ЗХУ-ын баатар цолоор нэхэн шагнах тодорхойлолтод дурдаж, 1939 оны арваннэгдүгээр сарын 17-нд ЗХУ-ын баатар цолыг нэхэн олгосон юм.
Халхголын дайнд манай хорооны бие бүрэлдэхүүний гуравны нэг амь үрэгдсэн. Сүүлийн үед 70х30 км энэ өчүүхэн цөлөрхөг газрын төлөө ингэж их хохирол үзэх ямар хэрэг байсан юм гэдэг асуулт олонтаа сонссон. Би тэдэнд, “япончууд Хасан нуурын дэргэд, хамгийн гол нь Халхголд бут цохигдсон учраас 1941 оны намрын хамгийн хүнд хэцүү цагт ЗХУ руу довтолж зүрхлээгүй”.
Халхголын дайн дууссаны дараа биднийг оны эцэс хүртэл эндээс хөдөлгөөгүй юм. Ёстой уйдаж үхмээр байсан даа. Чөлөөт цагаар хийх юм олдохгүй. Бидэнд “Волга-Волга”, “I Петр” гэдэг хоёрхон кино үлдээсэн тул түүнийг бараг 100 удаа үзсэн байх.Киноны үг бүрийг цээжилж, сүүлдээ дуугүй, бадгуудыг сольж, сүүлээс эх хүртэл янз янзаар гаргаж хүртэл үздэг байснаа одоо хүртэл мартдаггүй юм”. Халхын голын тулаанд орсон ахмад дайчин, тус хорооны нисгэгч, штурман ийн дурсчээ.
Николай Ганин гуайн дурсамжийг уншсаны дараа өвст талын дунд чимээгүйхэн дүнсийх, өнгөрсөн дайны гэрч энэхүү балгас өндийж амилан, тэртээ талд байлдааны онгоцууд нисэж буун, тэдгээрийн дуу тэнгэрт хадах шиг болж байлаа.
Тодруулга:
1939 оны зургадугаар сарын 20-нд Японы цэргийн нисэх хүчний 150-иад онгоц агаарын хил зөрчин ирж, Монгол-Зөвлөлтийн байрлаж асан Хамар давааг бөмбөгджээ. Зургадугаар сарын 22-нд Японы 120 онгоц дахин довтлоход Монгол-Зөвлөлтийн 95 онгоц тосон тулалдаж, дайсны 31 онгоцыг сөнөөж, манай талаас 12 онгоц сөнөсөн байна. Япончууд зургадугаар сарын 24-нд дахин 60 гаруй онгоцоор дайрсан ч 25 онгоцоо алджээ. зургадугаар сарын 26-ны өдөр Буйр нуурын орчимд Японы 60 шахам онгоц, Зөвлөлтийн сөнөөгч онгоцнуудтай маш ширүүн тулалдаан хийсэн бөгөөд энэ зургаан хоногийн хугацаанд Япончууд агаарын тулалдаанд 64 онгоцоо алдсан байна. Гэвч Япончууд зургадугаар сарын сүүлчээр Тамсагбулаг, Баянтүмэнийг олон онгоцоор бөмбөгдөж чадсан юм.
Үргэлжлэл бий...
Хилчин, бэлтгэл хурандаа, Д.Баасанжаргал


















