Өнгөрсөн онд хууль бус мод бэлтгэлтэй холбоотой 288 зөрчил илэрчээ
Хууль бус мод бэлтгэх асуудал түлшний мод, ажилгүйдэл, ядуурал, нийлүүлэлтийн нэгдсэн сүлжээ байхгүй, хууль тогтоомжийн хэрэгжилт, ойлголт хангалтгүй, мэргэжлийн аж ахуйн нэгжийн чадавх, хяналт муу зэрэг шалтгаануудаас үүсдэг байна.
Мэдээллийн алба

Хууль бус мод бэлтгэх асуудал түлшний мод, ажилгүйдэл, ядуурал, нийлүүлэлтийн нэгдсэн сүлжээ байхгүй, хууль тогтоомжийн хэрэгжилт, ойлголт хангалтгүй, мэргэжлийн аж ахуйн нэгжийн чадавх, хяналт муу зэрэг шалтгаануудаас үүсдэг байна. Сүүлийн таван жилийг өмнөх онуудтай харьцуулахад хууль бус мод бэлтгэлийн талаар бүртгэгдсэн хэрэг зөрчлийн тоо 67 хувиар буурсан гэх үзүүлэлт гарчээ.
Үүнтэй холбоотойгоор манай улс Монгол орны UN-REDD хөтөлбөртэй хамтран хүлэмжийн хий, ойн доройтол, хомсдлыг бууруулахаар ажиллаж эхэлжээ. Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсыг Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, ногоон хөгжлийн хэрэгжилтийг дэмжих, ойн доройтол болон хомсдлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ойн нүүрс төрөгчийн хуримтлалыг хамгаалах, ойн тогтвортой менежментийг бий болгоход чиглэсэн олон улсын хөтөлбөр юм.
2003 онд Байгаль орчны хуулиудын зөрчлийн статистик үзүүлэлтийн дотор ойн хуулийн зөрчил 32.6 хувийг эзэлдэг байсан бол 2016 оны байдлаар 10.1 хувь болж буурсан байна. Мөн 2007 хууль бус мод бэлтгэлтэй холбоотой 809 хэрэг, зөрчил гарж байсан бол өмнөх онд 288 болтлоо буурсныг албаныхан онцолж байлаа. Аймгуудын хэмжээнд өмнөх жилд нийт 288 хэрэг зөрчил гарсан бол үүнээс хамгийн их буюу 49 хэрэг зөрчил нь Сэлэнгэ аймагт, харин хамгийн бага буюу гурван хэрэг Баянхонгор аймагт бүртгэгдсэн талаар Сэлэнгэ аймгийн Дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Н.Эрдэнэцогт хэллээ.

Ойн тухай хуулийн зөрчлийн дотроос хамгийн их буюу 40 хувийг ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэх, 25 хувийг нь гарал үүслийн эрхийн бичигтэй холбоотой зөрчил эзэлсэн бол үлдсэн хувийг зөвшөөрөлгүй мод шилжүүлэн суулгасан, модон материалын стандартын зөрчил, бүх шатны ИТХ, Засаг даргын шийдвэр, ногоон бүстэй холбоотой зөрчлүүд эзэлжээ.
Иймээс иж бүрэн хяналтын системтэй болох, постын дутмаг байдлыг сайжруулах, иргэд олон нийтэд ойн хуулийг сурталчилан таниулах, ойгоо зөв ашиглах, ойн тогтвортой менежментийг сайжруулах, ойн арчилгаа болон цэвэрлэгээг бүрэн хийх, хууль эрхзүйн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг ажлуудыг хийх шаардлагатай байгааг албаны хүмүүс хэлж байна.


















