Өнгөрөгч сард банкууд 780 иргэнд ипотекийн зээл олгожээ
Монголбанкны сар бүрийн ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр 2019 оны 6 дугаарын байдлаарх зээлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг танилцууллаа.
Мэдээллийн алба

Монголбанкны сар бүрийн ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр 2019 оны 6 дугаарын байдлаарх зээлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг танилцууллаа.
Өнгөрөгч сард банкуудын зээлийн үлдэгдэл 18.1 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 18 хувиар өссөн дүнтэй байна. Мөн иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл өсч, 9.4 их наяд төгрөгт хүрсэн бол хувийн байгууллагынх 10 хувиар өсч, 8.5 их наяд төгрөгт хүрчээ. Үүний 14 хувийг иргэдийн зээл, 1.6 хувийг байгууллагын зээл, 27 хувийг гадаад валютын зээл эзэлж байгаа аж.
Мөн өнгөрөгч зургаадугаар сард банкууд 2.1 их наяд төгрөгийн зээл олголт хийж, 1.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн эргэн төлөлтийг хүлээн авсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн 10.6 хувь, хугацаа хэтэрсэн зээл 4.1 хувьтай байна.
Зээлийн үлдэгдлийн 16 хувийг уул уурхайн салбар нийт зээл эзэлж байгаа бол 18 хувь нь барилга, 24 хувь нь худалдааны салбарт ногдож байна. Иргэдэд олгосон нийт зээлийн үлдэгдлийн 37 хувийг ипотекийн зээл, 34 хувийг цалин тэтгэврийн зээл эзэлж байгаа дүнтэй байна.
Банкууд нийт 780 зээлдэгчид 58.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосны 46 хувийг хөтөлбөрийн санхүүжилтээр, 54 хувийг банкууд өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлжээ.


















