Өнөөдрөөс эхлэн хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг нээнэ
Улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр шинэчлэн баталсан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам” өнөөдрөөс /2021.05.22/ эхлэн мөрдөгдөж эхэлнэ.
Мэдээллийн алба

Улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр шинэчлэн баталсан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам” өнөөдрийн /2021.05.22/ 06:00 цагаас эхлэн мөрдөгдөж эхэллээ.
Журмыг үндэслэн Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул Шарын гол, Дорнод, Дундговь, Орхон, Завхан, Төв Аймаг, Увс, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж зорчуулна.
Насанд хүрсэн зорчигчид КОВИД19-ын эсрэг дархлаажуулалтын давтан тунд хамрагдаж 14 хоносон, сүүлийн дөрвөн сарын дотор өвчлөөд эдгэсэн бол саадгүй зорчино. Анхны тун хийлгэсэн болон вакцинд хамрагдах боломжгүй, эмнэлгийн заалттай иргэд 72 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний сөрөг хариугаа үндэслэн зорчиж болно.
0-17 хүртэл насны хүүхдээс шинжилгээний хариу шаардахгүй, тухайн очсон газартаа гэрийн тусгаарлалтад долоо хоног байхыг шаардана. Өмнөговь, Дорноговь аймаг руу зайлшгүй шаардлагаар зорчих иргэд Аймгийн онцгой комиссын зөвшөөрлийн дагуу дээрх шаардлагуудыг хангасан тохиолдолд зорчино. Энэхүү хязгаарлалт 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Шийдвэрийн хүрээнд тухайн чиглэлүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ өнөөдрөөс үйлчлэх бөгөөд Авто тээврийн нэгдсэн лавлах 1900-1234 дугаарын утаснаас лавлах боломжтой юм.


















